Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Говь-Алтай аймгийн ЗДТГ санаачлан "Хөрөнгө оруулалт, тогтвортой түншлэлийг хөгжүүлэх нь" сэдвээр хийсэн юм. Чуулга уулзалтаар тус аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Чинзориг орон нутаг дахь уул уурхайн харилцаа, хамтын ажиллагаа, геологи хайгуулын судалгаа, ашиглалт, олборлолтын талаар илтгэл хэлэлцүүлсэн.
Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 64, хайгуулын 77 тусгай зөвшөөрөл 16 сумын нутагт хүчин төгөлдөр үйлчилж байгааг тодотголоо. Тус аймгийн хувьд 18 сумтай. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд хамгийн их ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь Төгрөг сум байна. Ашигт малтмалын 64 тусгай зөвшөөрлөөс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10, идэвхгүй 9, огт үйл ажиллагаа явуулдаггүй 45 аж ахуйн нэгж байна гэв.
Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4.1 хувьд тусгай зөвшөөрөл олгогджээ. Цаашид аймгийн нийт газар нутгийн 10.9 хувьд нэмж олгох боломжтой гэлээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат "Манай аймаг БНХАУ-тай хиллэдэг, баруун бүсийн худалдаа, тээвэр, логистикийн зангилаа болох стратегийн байршилтай бөгөөд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, инновац бүхий технологийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Бид эдийн засгийн хөгжлөө хурдасгахын тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшилтэй үр ашигтай түншлэл байгуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий. Манай аймагт хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг урьж байна" хэмээн Чуулга уулзалтын эхэнд онцолсон юм.