Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа
13 Цагийн өмнө
176
Баруун бүсэд сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа
Эрчим хүчний яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 8 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлууртайгаар барих Түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гүйцэтгэгчээр техникийн шаардлага хангаж хамгийн бага үнийн санал ирүүлж шалгарсан БНХАУ-ын “Зонгтиан Фотоволтиак Технологи” компани болон “Жиансу Зонгтиан Технологи” компаниудын түншлэлтэй /2026.03.16/ өдөр гэрээ байгууллаа.
 
Түншлэлийн гэрээг байгуулах үйл ажиллагаанд Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, “Зонгтиан Фотоволтиак Технологи” компанийн Ерөнхий менежер Гу Жинчень, Жиансу Зонгтиан Технологи” компанийн төслийн захирал Миао Шиаонан нар оролцлоо. Гүйцэтгэгчээр шалгарсан компани нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй охин компанитай 16000 гаруй ажиллагсадтай БНХАУ-ын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг. Монгол улсад баригдсан анхны том чадлын батарей хуримтлуурын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай.
 
Энэ төсөл нь Азийн хөгжлийн банкны зээл болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж, нийт санхүүжилтийн 40 хувийг АХБ-аар дамжуулан дээрх сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа өндөр ач холбогдолтой төсөл.
Төслийн хэрэгжилтийг Эрчим хүчний яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлнэ. Тус гэрээний дагуу гэрээг байгуулснаас хойш 300 хоногт багтаан ашиглалтад оруулах юм байна.
energy_2603162 
 
Мянгад суманд хэрэгжих төсөл нь Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баруун бүс нутагт эрчим хүчний яамнаас баригдаж буй 5 дахь эх үүсвэр. Төслийн хүрээнд өмнө нь 2022 онд Завхан аймгийн Алдархаан суманд 5МВт, Говь-Алтай аймгийн Алтай суманд 0.6МВт, 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 10МВт, 2024 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10МВт нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг ногоон эрчим хүчээр хангахад томоохон хувь нэмэр оруулж байна.
 
Баруун бүсийн хувьд эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эрчимтэй нэмэгдэж, 2024 онд ОХУ-аас 229.8 сая кВт.ц, 2025 онд 264.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортлосон байна. Мянгад нарны цахилгаан станц 39.3 сая кВт.ц ЦЭХ үйлдвэрлэснээр ойролцоогоор 17 хувиар импортын ЦЭХ-ийг бууруулж, 2.0 сая ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой.
 
Мянгад нарны цахилгаан станц нь ашиглалтад орсноор жилдээ 39.3 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн ОХУ-аас импортлох хэмжээ 17.1 хувиар бууруулах ач холбогдолтой төдийгүй жил бүр 34.6 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
Ийнхүү дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нэмэгдсэнээр хэрэглэгчдийн эрчим хүчний найдваржилт, шинэ холболтын боломж нэмэгдэнэ.Төслийн барилга угсралтын ажлын үед 150 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 14 хүний байнгын ажлын байр бий болно.
 
Эх сурвалж: Монгол Улсын Эрчим хүчний яам 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.