"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтран ажиллана
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай (ИРНИТУ) боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг төлөөлж Ерөнхий захирал Г. Ёндон, Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийг төлөөлж ректор Михайл Викторович Корняков нар гарын үсэг зурсан юм.
Ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хөгжлийн хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш, “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатар болон Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуулийн ректор Михайл Викторович Корняков, тус сургуулийн Кампус, корпорацын удирдлагын асуудал хариуцсан проректор Сергей Сергеевич Аносов, Хэвлэл мэдээллийн албаны дарга Надежда Васильевна Курганская нарын албаны хүмүүс оролцов.
Энэхүү гэрээ нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд болон дипломын дараах боловсролын тогтолцооны үр ашигтай үйл ажиллагааг дэмжих, орос хэлний судалгаа, сургалтыг өргөжүүлэх, дээд боловсролтой, өндөр мэргэшсэн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэх, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, тасралтгүй сургалт хэрэгжүүлэхэд чиглэж байна. Мөн талууд сургалтын ном, сурах бичиг, сургалт-арга зүйн гарын авлага боловсруулах, харилцан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний судалгаа, туршилт-зохион бүтээх ажлыг хэрэгжүүлэх, судалгааны бүтээл, хэвлэлд харилцан шүүмж (реценз) хийх, сургалтын хөтөлбөр, арга зүйн материалын талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
Үүнээс гадна багш, судлаачдын академик солилцоо, оюутан, магистрант, докторантуудын харилцан солилцоог зохион байгуулах, онолын болон практик дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, боловсролын хамтарсан хөтөлбөр, төслүүдийг сүлжээний хэлбэрээр хэрэгжүүлэх юм. Мөн суурь болон хэрэглээний судалгааны тэргүүлэх чиглэлүүдэд залуу судлаачдыг татан оролцуулах, багш, мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэх, дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалт, семинар, курс зохион байгуулахаар тусгажээ. Түүнчлэн, талууд бөмбөгтэй хоккей, жүдо, бокс зэрэг спортын төрлүүдээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах замаар соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ