Алт цэвэршүүлэх үйлдвэр барих яамны ажлын хэсэг ХБНГУ-д албан томилолтоор ажиллаж байна
18 Цагийн өмнө
92
Алт цэвэршүүлэх үйлдвэр барих яамны ажлын хэсэг ХБНГУ-д албан томилолтоор ажиллаж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тэргүүтэй тус яамны бүрэлдэхүүн ажлын хэсэг ХБНГУ-д албан томилолтоор ажиллаж байна. Албан томилолт нь алт цэвэршүүлэх үйлдвэр барих арга туршлага, технологийн асуудлыг онцлон авч үзэж байгаа аж.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр, манай улс олборлосон алт, мөнгөө дотооддоо олон улсын шаардлагад нийцүүлж цэвэршүүлэх, хоёрдогч, гуравдагч түүхий эдээс алт, мөнгийг ялгаж авах /зэс боловсруулах үйлдвэрийн хаягдлаас алт, мөнгө ялгаж авах/, дотооддоо бага өртгөөр цэвэршүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн үр ашигтай юм.
 
Монгол Улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг.
 
Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг. Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үздэг.
 
Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 50.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.