Эрдэнэт үйлдвэр: Шинэ хаягдлын сан байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажил 75 хувьтай байна
13 Цагийн өмнө
140
Эрдэнэт үйлдвэр: Шинэ хаягдлын сан байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажил 75 хувьтай байна
Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчид хөдөлмөрийн оновчтой зохион байгуулалтаар ажилласны үр дүнд 2025 оны хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 255 мянган тонноор давуулан биелүүлж, 5669.08 тонн зэсийг зэсийн баяжмалд, 30.29 тонн молибденыг молибдены баяжмалд тус тус илүү үйлдвэрлэснийг тайлангийн хурлын үеэр мэдээллээ. Мөн Баяжуулах үйлдвэрийн ирээдүйг тодорхойлох Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг өнгөрсөн онд амжилттай эхлүүлсэн.
 
Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 100 хувь, нийлүүлэлт 95 хувь, барилгын газар шорооны ажил 15 хувийн гүйцэтгэлтэй явна. Харин Шинэ хаягдлын сан байгуулах ажлын ТЭЗҮ боловсруулах ажил 75 хувь, нарийвчилсан зураг төслийн ажил 20 хувьтай, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөв боловсруулах ажил бүрэн дууссан байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан бөгөөд одоогоор тоног төхөөрөмжийн инженерчлэл үйлдвэрлэлийн ажлууд хийгдэж байна. Газар шороо болон барилгын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгааг онцлов.
erdenet_2602041 Баяжуулах үйлдвэрт эрчим хүчний зардал жин дардаг. Өнгөрсөн оны төлөвлөгөөнд эрчим хүчний зарцуулалт 23.5 кВт·ц/тн байхаар тооцсон боловч гүйцэтгэлээр 14.954 сая кВт.ц эрчим хүч хэмнэсэн байна. Тус цехийн техник, технологийн шинэчлэлтийн хүрээнд Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг ашиглалтад оруулж, 96 флотомашиныг 22 болгон сольсон, мөн технологийн шаардлагын дагуу хийн үлээгүүр болон II шатны жижиг тээрмүүдийг хэсэгчлэн зогсоосон зэрэг нь эрчим хүчний зарцуулалт буурахад нөлөөлжээ.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурлын комиссын шийдвэрээр Баяжуулах үйлдвэр 92.68 үнэлгээтэй “Хангалттай сайн” дүгнэгдэв.
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.