Төрийн өмчит компаниудад шинээр бий болгосон албан тушаал бол Бүтээмж, Хяналт, Засаглал хариуцсан гэх менежерүүд. Тэднийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн өмчит компаниудад тараан томилж, улс төрийн томилгоо хийсэн. МАН, Ардчилсан нам, ХҮН намын төлөөлөл бүтэн жил гаруй засгийн томилолт өвөртлөн суусан. Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Тавантолгой ХК-д хамгийн олон менежер томилогдсон байдаг. Нийт 128 менежерийг Г.Занданшатарын Засгийн газар цомхотгох шийдвэр оны өмнө гаргаж, тэд ажлаа одоо хүлээлгэн өгөх үйл явц төрийн өмчит компаниудад өрнөж эхэлсэн байна.
Зарим нь үүгээр дамжуулан бүтцийн өөрчлөлт хийх нэрээр уурхайчдыг хэлмэгдүүлж, зарим төрийн өмчит компанийн захирал хууль зөрчсөн томилгоог мөн хийж байна. 128 менежерийг цомхотгож, хүнд суртал, орон тооны давхардлыг арилгаснаар цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт улсын төсөвт бий болох аж.