Анхаарал татах Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар шинэчлэл хийгдэх вэ...
Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын тухай хууль Засгийн газар, олон сайд нарын үед эцэслэж чадахгүй явж ирсэн. Бид гол өөрчлөлтүүдээ барьж авна гэсэн зорилго тавьсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд Сангийн сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр батлагдсан. Энэ долоо хоногт олон нийтээс санал авна” гэж даваа гарагт Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд нээсэн "Уул уурхайн 7 хоног"-ийн үеэр онцолсон юм. Түүний хувьд сайд албыг хүлээн авсан цагаас зогсонги байдалд орсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлж, салбарын хөгжлийг ахиулна гэж мэдэгдсэн. Шинэчилсэн найруулга бус нэмэлт, өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуульд тулгамдсан 4-5 асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьсан.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байна” хэмээн тодотгоод, дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахын сацуу зэрэгцүүлэн хэдэн анхдагч болон дагуулан орох хуулиудыг дагуулан бэлтгэж байгаа. Хоёр дахь том хууль, хүнд үйлдвэрийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт боловсруулалт хийж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртэл зорилтыг манай салбар урдаа тавьж байна. Ухаад шууд ачдаг биш ухаад боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг чиглэл рүү манай салбар өөрчлөгдөх ёстой. Ингэснээр байгалийн баялгийн өгөөжийг илүү улс орондоо шингээж чадна. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн араас анхдагч Хүнд үйлдвэрийн тухай хууль явна. Бэлтгэл ажил хангагдсан бөгөөд удахгүй хэлэлцүүлэгт оруулна. Түүний дараа Газрын тосны тухай хууль болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд шинэчилсэн найруулга хийх өөрчлөлтүүдийг оруулна. Эдгээр хууль нь бусад яамнаас гаргаж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль, бизнес эрхлэгчдийг дэмжих тухай хуулиудын үндсэн концефцтэй нийлж Засгийн газраас тавьж буй бодлогын үндсэн суурь нь болж явна ” гэлээ.
УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгон. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.
- Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.