Г.Дамдиннямын улс төр л мэднэ
2 Өдрийн өмнө
175
Г.Дамдиннямын улс төр л мэднэ

Асар их хүлээлт дагуулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл олон арван жил яригдаж байгаа. Салбар хариуцсан үе үеийн сайд нар Ашигт малтмалын хуулиас дөлж ирсэн нь их. Тэдний дунд гардаж аваад шинэчлэл хийсэн нь цөөн. Дийлэнх нь "галтай" хууль гэж үзээд асуудалтай нүүр тулж байсангүй. Улс төрийн сонгууль, Засгийн газрын бүрэн эрх, цаг хугацаанд зарим нь шахагдаж байлаа. Ажил авсан сайд нар хууль эрх зүйн орчныг сайжруулна, тодорхой болгоно, хүнд суртлыг арилгана, давхардал байвал засна гэдэг. Гэвч эдгээр үгс замын дунд гээгдэж, салбарын эрх зүйн орчин өнөө л хэвээр, асуудал урьдын чигээр үлддэг.

Малгай хуулийн шинэчлэл нь гацсан учраас бусад нь дагаад царцдаг. Ийм байдалтай уул уурхайн салбар удаж байгаа. Удаж байгаа учраас шинэ төслүүдийн талаар урагшилсан мэдээ тун ховор. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням асар их хүлээлт дагуулсан Ашигт малтмалын хуулийг сайжруулах, одоо байгаагаас нь дээрдүүлэх амлалтыг салбар дотроо өгсөн. Ажил авсан сайд болгоноос салбарын оролцогч талууд хуулийн шинэчлэл хүлээдэг, горьддог. Г.Дамдинням энэ хүлээлт дор ажиллаж байгаа сайд. Түүний хувьд Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга бус нэмэлт, өөрчлөлт хийнэ гэдгээ зарлаж, өөрийн байгаа цаг хугацаанд эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тодотгосон. Хэлсэндээ хүрэх, ажил авсан бол ахиулах даалгавар түүнд ирсэн. 

Г.Занданшатарын Засгийн газрын "тэжээгч" нь уул уурхайн салбар. Уул уурхай дотроо нүүрс, зэс, удаах нь газрын тос. Эдгээр эрдэс түүхий эдийн орлого дээр улсын төсөв тогтож, багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр, хүүхдүүдийн үдийн цай, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувь, төрөөс халамжуулах хамаг бүхэнд уул уурхай хамаатай болж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн дан ганц нэг салбарын асуудал биш. Энэ бол Монгол Улс хөгжих, эс хөгжих, одоогийн байрандаа үлдэх, эсвэл урагшлах замын эхлэл. Шинэ төгсөгч ажилтай байх, жижиг, дунд үйлдвэрлэл орлоготой залгах боломжийг одоогоор манайд уул уурхай л түлхүү олгож байгаа. Бусад салбарын хөрөнгө оруулалт дуудах өрсөлдөх чадвар сул, сонирхлыг татах нь бага байна. Ийм цаг үед Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-ын чуулганаар орох гэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүтгүүлэх нэмэлт, өөрчлөлт хаврын чуулганаар орж, парламентийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өрнөж эхэлнэ. Улс төр, улсын бодлого, олон талын ашиг сонирхол энэ үеэр томорч харагдана. Эцсийн дүндээ, Монголд ямар ч сайн бодлого байсан улс төрөө дийлэхгүй бол унадаг эрсдэл олон жишээгээр батлагдаж буй. Үүнийг тамга атгах сайд нар мэдэж байгаа. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нэмэлт өөрчлөлтөөр бүх асуудлыг шийдэх гэж дайрахгүй, 4-5 нэн чухал асуудлаа л барьж авч сайжруулна гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гадна ирэх хаврын чуулганаар Хүнд үйлдвэрийн тухай болон Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр байна.

Эрдэс баялгийн салбарын хууль эрх зүй орчин сайжрах, энд дэвшил гарч чадах эсэх нь нэг салбар, нэг сайдын бяр чадлаар хэмжигдэхгүй. Бүхэл бүтэн Засгийн газрын багийн тоглолтоор үнэлэгдэх юм. Салбар хариуцсан сайд нь мэдэх биз гээд тоохгүй орхих бус танхимаараа хөдөлж байж л Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх юм. Үүний холбон тоглогч, довтлогч нь засаг тэргүүлэх Г.Занданшатар, салбар хариуцах Г.Дамдинням. Нэмэлт, өөрчлөлтийн төслөө атгасан Г.Дамдиннямын улс төрийн манлайлал, уран нүүдэл одоо л хэрэгтэй болж эхэлж байна. Ирэх хаврын чуулганаар л энэ удаагийн өөрчлөлт урагшлахгүй бол хойшлох тусмаа л "худрах" магадлал нэмэгдэнэ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.