Алтны үнэ өсөлтийн төлөвт шилжсэн хэвээр. Шар металл он гарсаар түүхэн дээд ханшаа хэдэнтээ шинэчилж, мягмар гарагт унц нь 4700 ам.долларт хүрэв. 2025 оны турш өсөлт үйлдвэрлэж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсан шар металлын амжилт 2026 онд ч үргэлжлэх, улмаар унц нь 5000 ам.долларт очих таамаг бодитоор биежиж магадгүй нь. Дэлхийн улс төр, эдийн засаг, худалдааны харилцаа ихээхэн сорилттой, тэр хэрээр тодорхой бус, тогтворгүй орчин эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны сөргөлдөөн, Дональд Трампын дэвшүүлж буй өндөр тариф, АНУ болон Европын хооронд өрнөж буй "уур амьсгал" бүхэлдээ хөрөнгө оруулагчдыг баталгаатай хөрөнгө оруулалтын хэрэгслийг сонгох зам руу хөтөлж байна.
Алтыг бүхий л цаг үед хямрал, хүндрэлийн он жилүүдэд хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдаас гадна улс орнуудын төв банк алтны худалдан авалтаа үргэлжлүүлж, нэмэгдүүлсэн хэвээр.
2026 онд алтны үнэ 4800-5000 ам.долларт хүрэх таамгийг зарим шинжээч дэвшүүлсэн.