Нийгэм, эдийн засгийн үр ашигтай төслийг төрөөс ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсэв
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс санаачлан сар бүр ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийхээр төлөвлөн оны өмнө эхний уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл болон алт олборлогч 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон билээ.
Тус уулзалтаар:
- Орон нутагтай хамтран ажиллахад тулгарч байгаа асуудлууд,
- Орон нутгийн иргэдэд геологи, хайгуулын ажлыг сурталчилж таниулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах,
- Эдийн засгийн хувьд ашигтай төслийг төрөөс ажиллах нөхцөлөөр хангах,
- АМНАТ-ын төлбөрийн тодорхой хувийг орон нутгийн төсөвт оруулах байдлаар зохицуулалт хийх,
- Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,
- Орон нутгийн төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах,
- Алт-3 хөтөлбөрийн хүрээнд алтны шороон ордуудын үйл ажиллагааг дэмжих,
- Алт-3 хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны оролцоог нэмэгдүүлэх,
- Химийн бодис ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн татан авалт дээр дэмжлэг үзүүлэх,
- Түлшний хязгаарлалтад өртөж байгааг анхаарах,
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашиглах боломжгүй болсон нөөцийн асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.