2026 оныг өсөлтөөр угтсан металл бол мөнгө, зэс, алт. Эдгээр металлын эрэлт хэрэгцээ цаашид ч нэмэгдэх, үнэ нь өсөх төлөв хандлага ажиглагдаж байна. Алтны үнэ шинэ он гарснаар 6 хувиар өсөж, унц нь 4600 ам.долларт хүрч, түүхэн дээд ханшаар бүртгэгдсэн. 2025 онд алт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд цаг үргэлж байсан бөгөөд оны турш 64 хувиар өссөн. Харин энэ онд унц нь 5000 ам.долларт хүрнэ гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.
Алтны үнийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлж буй. Тодруулбал, олон улсын геополитикийн тодорхой бус байдал, тэргүүлэх эдийн засагтай АНУ, БНХАУ-ын хооронд үргэлжилж буй тарифын маргаан, үүнээс улбаатай худалдааны үүсэж болох эрсдэлүүд, Иран, Ойрх Дорнодын байдал, Америкийн Холбооны нөөцийн банкны одоогийн удирдлага өөрчлөгдөх эсэх, тус улсын улс төр, эдийн засгийн "уур амьсгал" нь алтны үнийг тодорхойлох хөшүүрэг болж байна.
Хөрөнгө оруулагчид алтыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг. Дээрх байдал алт руу хошуурах хөрөнгө оруулагчдын эгнээг тэлж байна. Тэрчлэн улс орнуудын төв банкууд алт нөөцлөх, алтны худалдан авалтаа нэмэгдүүлсээр байгаа нь эрэлтийг улам эрчимжүүлж байна.
Эх сурвалж: Mining.com