Зэсийн үнэ 2026 оныг өсөлтөөр угтаж, Лондоны металлын биржид тонн нь анх удаагаа 13 мянган ам.долларын босго давлаа. Өнгөрсөн оныг өсөлтөөр хаасан зэсийн үнэ цойлж, түүхэндээ шинэ ханш тогтоов. Сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ яван чангарч, 20 гаруй хувийн өсөлт үзүүлсэн. Он дамнасан өсөлт эрдсийн зах зээлд өөдрөг хүлээлт үүсгэлээ. Зэсийн үнийн рекорд үргэлжилж, энэ онд одоогийн ханшаа хадгална гэсэн таамгууд хөвөрч байна.
2026 онд зэсийн эрэлт нь нийлүүлэлтээс давж, улмаар дэлхийн зах зээлд 400 орчим мянган тонн зэсийн дутагдал үүсэж болзошгүй байна. Дэлхийн зэсийн томоохон уурхайнуудад гарсан ослын улмаас нийлүүлэлтэд хүндрэл үүсээд байгаа юм. Трамп зэсийн импорт дээр тариф тогтоох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Америкийн арилжаа эрхлэгчид, үйлдвэрүүд зэсийн баяжмалыг их хэмжээгээр худалдан авч нөөцөлсөөр буй. 2026 оны эхний улиралд дэлхийн нийт зэсийн (агуулах дахь) нөөцийн 90 гаруй хувь нь АНУ-д оногдох төлөвтэй байна.
Чили, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Индонез зэрэг томоохон нийлүүлэгч улсуудын зэсийн уурхайнуудад удаа дараа осол гарч, дэлхийн зэсийн нийлүүлэлт тасалдсан нь үнэ өсөхөд нөлөө хамгийн их нөлөө үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор цаашид нийлүүлэлт тасалдах болгоомжлол нэмэгдсэн. Үүний нөлөө 2026 оны эхний улиралд ч үргэлжлэх төлөвтэй байна.
Америкийн бирж дээрх зах зээлийн үнэ ч Лондоны металлын биржийн үнээс хамаагүй өндөр байгаа тул АНУ нь Чилийн зэсийн нийлүүлэлтийг сорон авч байна. Ингэснээр Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд их хэмжээний түүхий эдийн хомсдол үүсээд байгаа. Чилийн баяжуулах үйлдвэрүүд энэ нөхцөлийг ашиглан Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахдаа 350 ам.долларын нэмэгдэл үнэ (премиум)-ийг шаардах болжээ. Энэ бол дэлхийн түүхэнд байгаагүй өндөр үнэ юм. Ийнхүү зэсийн үнэ огцом өссөн нь зэсийн импортоос асар хараат Хятадын хувьд хүнд байдал үүсгэж байгаа аж. Хэдий Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар хүчтэй хэвээр, зэсийн эрэлт сайн байгаа ч, тус улсын уламжлалт том салбарууд болох гэр ахуйн цахилгаан хэрэгслийн аж үйлдвэр болон барилгын салбар нь хүнд цохилтод орж байна.