Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална
1 Өдрийн өмнө
147
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална
Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд буюу маргааш зарлахаар Засгийн газрын 2026.01.07-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.
 
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална.
Үүнд:
Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах,
 
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:
-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.