Халзан Бүрэгтэй төслийн хагас үйлдвэрийн туршилт 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
1 Өдрийн өмнө
146
Халзан Бүрэгтэй төслийн хагас үйлдвэрийн туршилт 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын хүдрийг боловсруулах технологийг баталгаажуулах зорилготой хагас үйлдвэрийн туршилтын ажил Канад улсын SGS Lakefield лабораторид 75 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай үргэлжилж байна. Уг туршилтын ажлын хүрээнд хүдрийг баяжуулах болон гүн боловсруулах технологийн оновчтой шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг бодит өгөгдөл дээр суурилан үнэлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
 
2025 оны зургаадугаар сард төслийн эхний шат болох баяжуулах үйлдвэрийн хагас үйлдвэрийн туршилт амжилттай дуусч, анхны баяжмалыг гарган авсан. Тус шатанд соронзон баяжуулалт болон хөвүүлэн баяжуулалтын технологийг ашигласан бөгөөд эдгээр арга нь төмрийн хүдэр, зэс, жонш зэрэг олон төрлийн ашигт малтмалын баяжуулалтад олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг, батлагдсан технологиуд юм.
 
Эхний шатны туршилтаар гарган авсан баяжмалыг цааш гүн боловсруулах замаар газрын ховор элементийн нийлмэл ислийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингээх зорилгоор дараагийн шатны хагас үйлдвэрийн туршилтыг эхлүүлээд байна.
 
Одоогоор гүн боловсруулах шатны эхний гурван циклийг амжилттай гүйцэтгэж, үйлдвэрийн технологийн эцсийн сонголт хийхэд шаардлагатай техникийн өгөгдөл, туршилтын мэдээллийг бүрдүүлжээ. Үлдсэн хоёр циклийн туршилтыг үргэлжлүүлэн хийснээр хагас үйлдвэрийн туршилтын ажил бүрэн дуусч, цаашдын үйлдвэрлэлийн технологийн шийдэл эцэслэн тодорхой болох аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.