Эрдэнэт үйлдвэр 2026 онд 45.5 сая тонн хүдэр олборлож, 40 сая тонн хүдэр боловсруулна
2 Өдрийн өмнө
62
Эрдэнэт үйлдвэр 2026 онд 45.5 сая тонн хүдэр олборлож, 40 сая тонн хүдэр боловсруулна
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрлэлийн болон эдийн засгийн түүхэн дээд үзүүлт боллоо. Тус үйлдвэр 2026 онд 45.5 сая тонн хүдэр олборлох, 40.0 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөж байна. Мөн баяжуулах үйлдвэрт хийгдэж байгаа техник, технологийн шинэчлэл, сайжруулалтын хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 42 сая тоннд хүргэхээр зорьж байна.
 
55 жил тогтвортой ашиглагдах геологийн нөөцөө 2024 онд олон улсын Жорк стандартаар албан ёсоор баталгаажуулсан "Эрдэнэт үйлдвэр" өнгөрсөн онд Оюут ордын хайгуулын ажлыг бүрэн дуусгаж, урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай, 357.0 сая тонн хүдэрт 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, шинэ орд нээснээ албан ёсоор зарласан. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр нийтдээ 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо баталгаажуулсан билээ.
 
Мөн 2025 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын 2, 3 дугаар секц болон 28 жил ажилласан МШЦ-5.5х6.5 маркийн 5 дугаар тээрмийг шинэчилсэн байна. 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.