Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгоно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдаж, шатахууны хангамжийн асуудал тэр дундаа 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гаалийн албан татвар ногдуулж эхэлсэнтэй холбоотойгоор энгийн буюу К2 ангиллийн АИ-92 автобензиний үнийн асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдааны үеэр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, үнийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нөхцөл байдал, шийдлийн талаар хэлэлцэж, санал солилцов. Зөвлөлийн дарга Б.Дашпүрэв, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөгийг тэмдэглэн, шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ашгаас гадна ард иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриаллаа.
Мөн ард иргэдийн өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг тооцоо судалгаанд тулгуурлан, нөхцөл байдалтай уялдуулан уян хатан зохицуулах нь зүйтэйг онцоллоо. Тэрбээр манай импортлогч аж ахуйн нэгжүүд нь ОХУ-ын Роснефть компаниас энгийн буюу К2 ангиллийн АИ-92 автобензинийг тогтвортой үнээр худалдан авах гэрээг 2026 оныг дуустал байгуулсан, цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай байгааг дурдан, энэ нөхцөлд гаалийн татвар тавигдсан ч үнийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тэмдэглэн, Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд татвар бууруулах асуудлуудыг шийдвэрлэхээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг мэдээлэв.
Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах “Зөвлөмж”-ийг гаргахаар тогтов.
Үүнд:
• Энгийн буюу К2 ангиллийн АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах;
• АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх;
• Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах зэрэгт талууд хамтран ажиллах;
• Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.