Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл” 2023 онд эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ийнхүү бүрэн ашиглалтад орж нээлээ.
Төслийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM)-ийн судалгааны баг болон Монголын талаас Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ хамтран ажиллаж, байгууламжийг бүрэн бэлтгэх ажлыг хэрэгжүүллээ.
Тус судалгааны төвийг Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын дэргэд байгуулж, газрын ховор элемент болон ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгосын дэвшилтэт баяжуулах технологийг нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновац, технологийн солилцоог дэмжих, судалгаа шинжилгээний шинэ боломжийг нээх өндөр ач холбогдолтой юм.