“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Өндөр даралтын булт нунтаглагч нэвтрүүлэх” төслийн тендер шалгаруулалтын талаар сэтгүүлч С.Б-ийн зүгээс худал мэдээлэл агуулсан нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээсэн байна. ФЛСмидт бол дэлхийн томоохон зэс баяжуулах үйлдвэрүүдэд өргөн хэрэглэдэг, найдвартай өндөр даралтын булт нунтаглагч төхөөрөмжийн технологиороо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч компани юм.
Манай охин компани болох ФЛСмидт Монголиа ХХК нь 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нээлттэй зарласан Өндөр даралтын булт нунтаглагч төхөөрөмж нийлүүлэх тендерт Монгол Улсын хууль тогтоомж болон тендерийн бүх шаардлагыг чанд мөрдөж оролцсон. Шударга, өрсөлдөөнт шалгаруулалтын үр дүнд холбогдох тендерийн хорооны шийдвэрээр гэрээ байгуулах эрхийг ФЛСмидт-д олгосон байсан. Гэтэл дээрх нэвтрүүлэгт ФЛСмидт Монголиа ХХК-аас гаргаж өгсөн тендерийн баталгааны хугацаа дууссан байсан гэх худал мэдээлэл дурдсан байна.
ФЛСмидт Монголиа ХХК-аас гаргаж өгсөн тендерийн баталгаа хүчин төгөлдөр байсан болох нь Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкнаас олгосон цахим тендерийн баталгаагаар нотлогддог ба үүнийг тендерийн цахим системд байршуулсан байсан. ФЛСмидт Монголиа ХХК-аас бүрдүүлж өгсөн тендерийн бүх баримт бичиг тендерийн шаардлага болон холбогдох хууль тогтоомжтой бүрэн нийцсэн байсан.
Түүнчлэн, “Өндөр даралтын булт нунтаглагч нэвтрүүлэх”-тэй холбоотойгоор Вэйхай Чангтэ Индастриал Машинэри Компани Ко.Лтд-ээс “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын эсрэг үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ФЛСмидт Монголиа ХХК гуравдагч этгээдээр оролцож, холбогдох бүх тайлбар, баримт бичиг (үүнд мөн дээрх тендерийн баталгааг оруулан)-ийг бүх шатны шүүхэд бүрэн гаргаж өгсөн.
ФЛСмидт нээлттэй хувьцаат компани учраас хатуу хяналт зохицуулалтын дор үйл ажиллагаагаа явуулж, ёс зүйн өндөр стандарт мөрдөж ажилладаг. Бид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байх хатуу зарчмыг баримталж, үйл ажиллагаа явуулж буй улсынхаа (үүнд Монгол Улсын) хуулийг дээдэлж, ягштал дагаж мөрдөж ажилладаг гэдгийг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сэтгүүлч С.Б нь тус нэвтрүүлгээ бэлтгэхдээ манай компаниас ямар нэгэн тайлбар, мэдээлэл аваагүй. Түүний нэвтрүүлэг нь хараат бус сэтгүүл зүй бус, хэт нэг талын ашиг сонирхлын үүднээс хийгдсэн, мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон манай компани, цаашлаад Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг илт буруутгасан, шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролдсон зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байна.
Хэрэв сэтгүүлч С.Б-ийн зүгээс манай компанийн болон бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ уучлалт гуйж, үнэн бодит байдалд нийцсэн залруулга хийхгүй бол компанийн болон бизнесийн нэр хүндээ хамгаалах үүднээс нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч С.Б-ийн эсрэг хуулийн дагуу эрх бүхий этгээд, хууль хяналтын байгууллагад гомдол гаргах зэргээр зохих арга хэмжээ авахаа үүгээр мэдэгдье.
ФЛСмидтийн тухай:
ФЛСмидт нь дэлхийн уул уурхайн салбарт баяжуулах үйлдвэрийн технологийн процессын цогц шийдэл, үйлчилгээг үзүүлдэг тэргүүлэгч компани юм. Бид үйлчлүүлэгчдэдээ үйлдвэрлэлийн процессоо сайжруулах, үйл ажиллагааны зардлаа бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг буруулах боломжийг олгодог. Мөн MissionZero гэсэн тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд бид 2030 он гэхэд уул уурхайд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгохоор ажиллаж байна. Бид шинжлэх ухаанд суурилсан, бүрэн баталгаажсан зорилтуудын хүрээнд ажилладаг бөгөөд дэлхийн уул уурхайн салбарын тогтвортой байдлыг сайжруулах үүднээс тодорхой үүрэг амлалт тавьж, 2030 он гэхэд өөрсдийн үйл ажиллагааг
нүүрсхүчлийн хийн ялгаралгүй болгохоор зорьж байна. www.fls.com
Монгол Улс дахь ФЛСмидтийн тухай:
Монгол Улсад охин компани болох ФЛСмидт Монголиа ХХК-ийг 2011 онд байгуулснаас хойш бид Монгол Улсын эдийн засаг, боловсон хүчинд ихээхэн хувь нэмэр оруулсан. Бид олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний инженерүүдийг бэлтгэн хөгжүүлж, олон арван үндсэн ажлын байр бий болгосон, Монгол Улсын шилдэг татвар төлөгчдийн нэг юм. 250 гаруй Монгол ханган нийлүүлэгч, аж ахуй нэгж, компаниудтай тогтвортой хамтран ажиллаж байгаа нь бидний орон нутгийн оролцоог хангах үүрэг амлалтаа биелүүлж байгаагийн илрэл юм.
Мөн бид уул уурхайн салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг түүчээлэн Оюу Толгой ХХКийн хүдэр баяжуулах үйлдвэр, МАК ХХК-ийн Цагаан Суваргын зэс молибден баяжуулах төсөл, Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн уурхай зэрэг үндэсний хэмжээний чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Бид нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийнхээ ашиглалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна.