Л.Оюун-Эрдэнэ: 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно
Л.Оюун-Эрдэнэ: 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно
Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм.

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Түүний нээлтийн үгнээс дараах онцлох эшлэлийг танилцуулж байна. 

-Энэ удаагийн Эдийн засгийн форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм.

-Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу? Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүс нутагт гурван аймгийн нийт 320 орчим мянган хүн амьдарч, нийт ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нь улсын хэмжээнд үр тарианы 70.2 хувь, хүнсний ногооны 66 хувь, төмсний 79.4 хувийг хангаж байна.

-Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ? Хэрхэн бид аж үйлдвэржсэн улс болох вэ? Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ бүсийн нийт хүн ам 207 мянга, нийт ДНБ нь дөрвөн их наяд төгрөг байна. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.

-Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу?

Нийт хүн ам 473 мянга, нийт ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг байна. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5 хувийг, хүн амын 16 орчим хувийг, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг.
 
-Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал. Нийт хүн ам 295 мянга, нийт ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг байна. Энэ бүс нутаг нийт 13.7 сая малтай.

-Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Нийт хүн ам 535 мянга, нийт ДНБ 4 их наяд 849 тэрбум төгрөг байна. Орхон аймаг улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна. 

-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбицийг харах тухай энэ хоёр өдөр ярилцмаар байна. Нийт хүн ам 229 мянга, нийт ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг байна. Зүүн бүсэд нийт адууны 23 хувь, үхрийн 18 хувь байна. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлж байна.

-Зүүн бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграци (6 улс)-д нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол бүс нутаг болох боломжтой.

-Нийслэл Улаанбаатар хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Нийслэлд нэг сая 539 мянган иргэн амьдарч, нийт ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49 хувь, нийт ДНБ-ний 65 хувийг бүрдүүлж байна.

-Монгол Улсын Засгийн газар 2024 оны төсвийн жилийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд зориулан ажиллахаар төлөвлөсөн.

-7000 гаруй км үргэлжилдэг “Мянганы зам” төслийг 21 жилийн дараа буюу 2022 онд дуусгасан. Энэ жил үүний үргэлжлэл болгож, аймгийн төвүүдийг хооронд нь холбох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” авто замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлнэ. 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.