Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, дараах чиглэл, үүргийг өглөө.
Үүнд:
- Шилэн дансны хөтлөлт: Яам, агентлаг болон харьяа байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүрэн, ил тод хөтлөхөд онцгой анхаарч, жилийн эцэст 100 хувь алдаа, зөрчилгүй байх нөхцөлийг ханган ажиллах, холбогдох байгууллагуудад шаардлагатай албан бичгийг шуурхай хүргүүлэх;
- Сонгон шалгаруулалт: Газрын тосны болон Ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг тасралтгүй зарлаж, бэлтгэл ажлыг чанартай хангах;
- Газрын тосны салбар: Газрын тосны тухай хуулийн төсөл, түүний явцыг эрчимжүүлж, хэрэгжилтийн төлөвлөгөөг тодорхой гарган ажиллах;
- Бүтээгдэхүүн хуваах гэрээт компаниудын үйл ажиллагааг дэмжих бодлогын шийдэл гаргаж харилцан үүрэгтэй ажиллаж газрын тосны нөөц өсгөх тал дээр онцгой анхаарч ажиллах;
- Албаны нууцаас гаргах асуудал: Ил болгох шаардлагатай мэдээллийн жагсаалтыг холбогдох байгууллагатай хамтран шуурхай боловсруулж, шийдвэрлэх;
- Хууль тогтоомжийн хэрэгжилт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас явуулж буй шалгалттай холбогдуулан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах, шаардлагатай арга хэмжээг авах;
- Шатахууны татан авалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа: Татан авалт болон тээвэрлэлтийн хэвийн, тасралтгүй байдлыг хангаж ажиллах болон дотоод зохион байгуулалт, бусад тулгамдсан асуудлаар нэмэлт чиглэл өгөв.