УИХ: 2026 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа
5 Өдрийн өмнө
174
УИХ: 2026 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 75.3 хувь нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Монгол Улсын 2026 онд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг, нийт зарлагыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1 их наяд 050.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -1.0 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Энэ удаагийн төсвийн онцлог нь төсөвт төрийн байгууллагуудын урсгал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах, харин хэмнэсэн хөрөнгийн хүрээнд багш, эмч нарын цалинг 15–50 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар өсгөх зохицуулалт орлоо.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2027 он болон дараа онуудад шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулахаар тусгасан байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын түвшинд авч үзвэл, Монгол Улсад олон жил хийгдээгүй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажилд 20 тэрбум төгрөг, Геологи хайгуулын суурь судалгааны ажилд 45 тэрбум төгрөг зарцуулахаар 2026 оны улсын төсөвт тусгагджээ.
 
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг ирэх жилийн төсвийн хувьд таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог болж буйг дурдаад, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэнийг онцоллоо.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.