“Степ Голд” компани “Бороо Гоулд” ХХК-ийг худалдан авах хэлцэл үргэлжилж байна
“Степ Голд” компани “Бороо Гоулд” ХХК-ийг худалдан авах хэлцэл үргэлжилж байна
Уул уурхайн салбарт томоохон хэлцэл өрнөж байна. Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Степ Голд” компани “Бороо Гоулд” ХХК-ийг өөртөө нэгтгэх үйл явц үргэлжилж, худалдан авах гэрээг талууд үзэглэжээ.

Уул уурхайн салбарт томоохон хэлцэл өрнөж байна. Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Степ Голд” компани “Бороо Гоулд” ХХК-ийг өөртөө нэгтгэх үйл явц үргэлжилж, худалдан авах гэрээг талууд үзэглэжээ.

“Степ Голд” нь "Алтан Цагаан Овоо" төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд байрладаг. 2016 онд байгуулагдсан “Степ Голд” нь 2018 онд Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, хөрөнгө оруулалт татсан. 

"Алтан Цагаан Овоо" төслийг 2017 оноос хэрэгжүүлж, 2020 онд үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд нуруулдан уусгалтын технологи ашигладаг. Уг төсөлд 350 гаруй хүн ажиллаж байна. Үүний 99 хувь нь монголчууд. Алтан Цагаан Овоо нь алтны үндсэн орд.

“Бороо Гоулд” компани нь 1997 онд байгуулагдсан. Бороогийн үндсэн алтны ордыг түшиглэн энэ цагаас эхлэн тасралтгүй үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд явуулж ирсэн.

Дээрх хэлцлийн үр дүнд “Степ Голд” компанийн жилийн олборлолтын хэмжээ гурав дахин нэмэгдэж, улсын хэмжээнд хамгийн том алт үйлдвэрлэгч болохоор байна. Алтны үндсэн томоохон ордууд эзэмшиж буй хоёр компанийн нэгдэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад зогсохгүй “Степ Голд” компанийн хувьцааны нэгж үнэлгээг бирж дээр ахиуллаа.

Хэлцлийн үр дүнд “Степ Голд” компанийн одоогийн нөөц нь 4 сая гаруй унци алттай тэнцэх хэмжээний хөрөнгөөр үнэлэгдэх төлөвтэй байна. “Степ Голд” нь өөрийн эзэмшиж буй "Алтан Цагаан овоо" төслийн эхний шатанд 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтаар хөвүүлэн баяжуулах үйлдвэр энэ онд ашиглалтанд орно. Уг өргөтгөлийг бүрэн санхүүжүүлснээр уурхайн ашиглалтын хугацааг 12 жилээр уртасгаад байна. Төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтад 150 гаруй сая ам.доллар зарцуулжээ. 

"Степ Голд" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирлаар Т.Батаа ажилладаг. Тус компани 2023 онд Перу дахь "Tres Cruces" алтны төслийг хувьцааны арилжаагаар худалдаж авсан бол "Бороо Гоулд" удаах шинэ хэлцэл нь болж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.