"Эрдэнэт үйлдвэр" томоохон хэмжээний өргөтгөл шинэчлэлийг хийхээр болсноо зарлалаа. 46 дахь жилдээ хүдэр олборлож буй Эрдэнэтийн-Овоо ордын ил уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсөж байгаа. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр"-ийн эцсийн бүтээгдэхүүний гарц, борлуулалтын орлого буурах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Үүний эсрэг авч буй хариу арга хэмжээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өсөлт бий болгох явдал юм.
Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр секцийг хоёр сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөл болж байна. Өнгөрсөн оноос төлөвлөлт, худалдан авалт, зохион байгуулалт нь эхэлсэн энэхүү өргөтгөл шинэчлэлийн үндсэн тоног төхөөрөмжүүд Финлянд, Швейцар зэрэг улсад үйлдвэрлэгдэн, Монгол руу ачигджээ.
"Тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбоотой хүндрэл гарахгүй бол төлөвлөсөн хугацаанаас өмнө зургадугаар сард ашиглалтад оруулахаар шамдаж байна" гэж "Эрдэнэт үйлдвэр"-ийн Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Г.Цогтгэрэл онцолжээ.
Энэхүү бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажил үр дүнтэй хийгдсэнээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 40 сая тоннд хүрэх нөхцөл бүрдэх юм.