“Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 02 дугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хооронд Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, Монгол Улсад хоёр улсын хамтарсан Газрын ховор элементийн судалгааны төвийг байгуулсан. 
 
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох, цаашдын хамтран ажиллах гэрээний нөхцөл суурийг бүрдүүлэх зорилгоор уг харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
 
Улс орнууд үндэсний аюулгүй байдал, геологийн нөөц боломж, хөгжлийн бодлогодоо тулгуурлан чухал ашигт малтмалыг өөрийнхөөрөө тодорхойлдог. "Эрдэнэс Монгол" нэгдэл нь зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэгдүүлэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан чухал ашигт малтмалыг Неодиум (Nd), Диспрозиум (Dy), Лити (Li), Никель (Ni), Зэс (Cu), Жонш (CaF2), Вольфрам (W), Төмөр (Fe) гэж тодорхойлсон. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.
 
emongol_2 
 
БНСУ-ын Пусан хотын “Кум Яанг” ХХК нь 1955 онд үүсгэн байгуулагдсан ба дэлхийн 78 орны 2000 худалдааны сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг үйлдвэрлэгч компани юм. 2022 онд тус компанийн борлуулалтын орлого 165 сая ам.доллар, нийт ашиг 42 сая ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна.
 
“Кум Яанг” ХХК нь цахилгаан тээврийн хэрэгсэл (BEV/HEV), устөрөгч ашигладаг тээврийн хэрэгсэл, устөрөгчийн хөлөг онгоц, дрон цэнэглэхэд ашигладаг хоёрдогч батарей зэргийг үйлдвэрлэдэг ба байгальд ээлтэй химийн иж бүрэн материалын дэлхийн томоохон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.