Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр экспортын нүүрсийг цахимаар арилжаалж эхэлсэн билээ. Өнөөдөр биржээр дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхэлсний нэг жилийн ой тохиож байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7%-иар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ.
Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулжээ.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Нэг жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс нүүрсээ биржээр анх удаагаа арилжаалж эхэлсэн. Энэ өдрөөс эхлэн нүүрсний борлуулалт ил тод болж, үнэ өсөж, валютын нөөц нэмэгдэж, унаад байсан төгрөгийн ханш тогтворжсон юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржээр 15.2 сая тонн нүүрс арилжиж, 2.1 тэрбум доллар, 684.1 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг арилжиж, 58 сая доллар олжээ" хэмээн онцоллоо.
Монголын хөрөнгийн биржээр "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК нүүрс, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ТӨҮГ төмрийн хүдэр, баяжмал арилжаалж буй.