"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулж, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 2 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлэх өргөтгөлтийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хүдрийн агуулгын бууралтын эсрэг хүчин чадлаа өсгөх, цаашилбал ирэх жилүүдэд хүдэр боловсруулалтын хэмжээг 40 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Үйлдвэрийн хувьд энэ онд хүний нөөц, ажлын байрны чиглэлээр орон тоог шинээр нэмэхгүй байх бодлого баримтлах юм байна.
Өндөр насны тэтгэвэрт суух болон өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ажилтнуудын ажлын байранд, түүнчлэн шинээр бий болж буй хэсэг нэгж дээр дотроо ажиллаж байгаа ажилтнуудаас шилжүүлэн, ажиллуулах чиглэл барих аж.
Түүнчлэн гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшийн хэлбэлзэл, бууралтаас шалтгаалсан “Хямралын эсрэг авах” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, үүнтэй уялдуулан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын эрэмбэ, бодлогоо тодорхойлон ажиллахыг үйлдвэрийн удирдлагын зүгээс бүхий л бүтцийн цех нэгжүүдэд сануулж, үүрэг чиглэл болгожээ.