Ашиглаж эхлээгүй ордыг тойрсон улстөржилт төрийн ордны "уур амьсгал"-ыг нэг хэсэг тодорхойлж, "Эрдэнэс Тавантолгой" дахин анхаарлын төвд орлоо. Эрх баригч намын Бага хурлын үр дүнгээс Бортээг гэж ордыг "нүүрсний хулгай"-д ахиад сэрдэв. Бортээг гэж ямар орд байна вэ?
"Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшилд буй Тавантолгой орд нь нийт 8.4 тэрбум тонн нөөц баялагтай. Хамгийн сүүлд нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Үүгээр ордын нөөцийг 29 хувиар нэмэгдүүлж, 6.3 тэрбум тонноос 8.4 тэрбум тонн руу авчирсан юм. Цанхи, Бортээг, Оорцогийн талбайд хийсэн иж бүрэн хайгуул судалгааны үр дүнд дээрх нөөцийг илрүүлж, баталгаажуулсан байдаг. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд Цанхийн зүүн, баруун уурхайг одоо ашиглаж байна.
Тавантолгойн Цанхийн дараа эрэмбэлэгдэх Бортээг нь нийт 2.3 тэрбум тонн нөөцтэй, үүний 1.5 тэрбум нь эрчим хүчний нүүрс. Ковидын өмнө тус ордыг ашиглах талаар ярьж, ТЭЗҮ нь батлагдаж байсан. Ордыг ашиглах, гэрээт олборлогчийн сонгон шалгаруулах тендер хоёр ч удаа зарлагдаад, цуцлагдаж байсан удаатай. Гурав дахь тендерт нь МТАС гэж түншлэл шалгарч, тус түншлэл дэх 4 компанийн нэг нь "Админерал" байснаар Бортээгийг улс төрийн тавцанд анх гаргаж ирсэн юм.
Тендерт шалгарсан МТАС нь үйл ажиллагаагаа эхлээгүй бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" компанитай байгуулсан гэрээ нь хожим цуцлагдсан. Энд бас л улс төр, "нүүрсний хулгай"-н хардалт өрнөсөн. Ингэж Бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө тасалдан гацаанд орж, "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдөр дахин тендер зарлах шаардлагатай болсон билээ. Бортээгийг өнөө ашиглаж эхлээгүй бөгөөд нэг тонн нүүрсний олборлолт ч тэнд хийгдээгүй байгаа юм.