УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улс ашигт малтмалаа 2023 оноос эхлэн биржээр арилжаалдаг болсон. Үндсэн зохицуулалт нь Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 100% биржээр арилжаагаа хийнэ (хуулийн 12.1). Харин хувийн хэвшил оролцох эсэх нь нээлттэй. Нүүрсний хувьд: Биржээр арилжиж эхэлснээр салбарт ИЛ ТОД байдал болон нүүрсээ бодит үнээр зарах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл өндөр үнээр ашигт малтмалаа зардаг болж, улмаар татвараар улсад төвлөрөх мөнгөн дүн өссөн. Биржийн арилжаанд оролцдоггүй аж ахуйн нэгжүүд борлуулсан ашигт малтмалынхаа АМНАТ-ийг жишиг үнэ тогтоох ажлын хэсгийн (Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын дагуу) тогтоосон үнээс тооцож төлдөг байсан. Энэ нь хэт өндөр буюу Хятад дахь импортын татвар 3%, НӨАТ 13%, ачилт, буулгалт, тээвэр гэх мэт бүх зардлыг шингэсэн хэлбэрээр тогтоогдож ирсэн нь олон аж ахуйн нэгжүүд олоогүй орлогоосоо татвар бодуулж хохирсон. Нүүрсний АМНАТ тооцох сүүлийн өөрчлөлт нь 2025 оны 08 сард хийгдэж төр, хувийн хэвшил гэлтгүй биржээр нийт борлуулалтын 25%-с дээш хийсэн бол биржийн үнэ буюу зах зээлийн үнээс татвар ногдуулдаг болж засагдсан. Энэ зохицуулалт дээр маргаад байх зүйл байхгүй" гэв.