АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Засгийн газар хууль зөрчөөгүй, хэнд ч давуу байдал олгоогүй
17 Цагийн өмнө
259
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Засгийн газар хууль зөрчөөгүй, хэнд ч давуу байдал олгоогүй
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн тарааж байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд няцаалт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг өгч байна.
Нэгдүгээрт, энэ оны наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол бол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгатай тогтоол өмнө нь арван удаа гарч байсан.
Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, эдийн засаг уналтад орсон байсан. Биржийн арилжаа нийт экспортын 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөл байдалтай, урт хугацааны оффтейк том гэрээнүүдтэй, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан, цалин, тэтгэвэр, эмч багш нарын цалин, төрийн алба хаагч нарын цалин, ахмадын тэтгэвэр, бүтээн байгуулалтад орж ирэх хөрөнгө орж ирэхгүй, гацчихсан эдийн засгийн уналтад орсон байхад бид ажлаа авсан.
Засгийн газрын гишүүний хувиар санал, санаачилга гаргаж хоёр тогтоолын төслийг оруулж ирж батлуулсны үр дүнд өнөөдөр бид нэмэх зэрэгтэй эдийн засагтай, төсвөө тодотгосон байгаа.
Нэгдүгээрт, бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж, том хэмжээний гэрээнүүдээр нүүрс хилээр гаргаж байсан үйл явдлыг зогсоож, 50 хувь амны гэрээ буюу урт хугацааны гэрээнүүд, 50 хувь биржийн арилжаагаар нүүрснүүдийг экспортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн.
Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна.
Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.
✅Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.
✅Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.
✅Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.
Ер нь яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ. Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.
Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ. Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ. Нүүрсний хулгайчид.
Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй. Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр юм.
Биржийн экспорт яагаад чухал вэ гэхээр АМНАТ буюу улсын төсөвт орж ирдэг орлого нь шууд орж ирдэг учир чухал.
Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил Ашигт малтмалын тухай хууль, биржийн тухай хуулиудад заасан засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд өмнө нь гарч байсан есөн тогтоолтой ижилхэн арав дахь тогтоолыг Монгол Усын засгийн газар гаргасан. Сонирхолтой нь энэ арван тогтоолд янз бүрийн хувилбарууд явсан байдаг. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө хууль зүй, дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн бодлогыг хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл есөн жил ажиллаад энэ арван тогтоолын тавд нь оролцсон байдаг.
Тэр таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтах боломж олгосон тогтоолуудыг ч гаргасан. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм. Шудрага л байх хэрэгтэй шүү дээ. Гадна дотны нөлөөллөөр биржийн тухай хуулийг болиулъя гэж байнга шахдаг. Үүнийг би нуухгүй. Биржийг болиулах юм бол оффтейк, нууц гэрээнүүд явна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлж, татварын сууриа нэмэгдүүлэх бодлого.
Үүнээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан хүн байж 55 дугаар тогтоолыг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөрөө улс төрийн зорилготой. Түүнээс биш улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй" гэв. 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.