Эрдэнэт үйлдвэрийн тоон үзүүлэлтүүд юу өгүүлэв...
Эрдэнэт үйлдвэрийн тоон үзүүлэлтүүд юу өгүүлэв...
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал сэтгүүлчдэд 2023 оны үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үр дүнгээ ний нуугүй танилцууллаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон 2023 оны ажлын үр дүнгээ эдийн засгийн сэтгүүлчдэд шинэ оны босгон дээр ний нуугүй танилцуулсан юм. Ерөнхий захирлын зүгээс ч бидэнд нууж хаах юм байхгүй ээ, та бүхэн өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авч, тодруулах зүйлээ сайн асуугаад аваарай гэдгээ ч уулзалтын эхэнд хэлнэ лээ.

Шатахуун, ажилчдын цалин, худалдан авалт, тендерийн хууль, биржийн арилжаа, Эрдэнэтийн Овоо ордын нөөц, үйлдвэрлэлийн нөхцөл байдал гээд үндсэн илтгэлээс давсан асуултууд ч ар араасаа хөврөн орж ирсэн юм. Тэр болгонд нь хариулт өгөв. 

Монгол Улсын Баатар үйлдвэрийн түүхт 45 жилийн ой шинэ оны өмнөхөн тохиож, "Хэмнэлт"-ийн хуулийн дагуу тэд баяраа даруухан тэмдэглэн өнгөрүүлсэн. Уурхайчин хамт олондоо үйлдвэрийн зүгээс хүндэтгэл үзүүлж, алдар хүндийн хойморт  урин залж, гурван Гавьяат "Эрдэнэт үйлдвэр"-ээс төрөн гарсан билээ. 

ТОО Л ХЭЛНЭ ДЭЭ...

"Эрдэнэт үйлдвэр" 2023 онд дөрвөн их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, хоёр их наядыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд тэд тэрбум ам.доллар төв банк руу борлуулж. Өөрөөр хэлбэл, 2023 онд улсын валютын нөөц огцом нэмэгдэхэд, ам.долларын ханш харьцангуй тогтвортой, томоотой байхад "Эрдэнэт үйлдвэр" онцгой үүрэгтэй байсан нь эндээс харагдана. Тэрбум доллар гэдэг төв банкны валютын албан нөөцийн 30 шахам хувьтай тэнцэх дүн юм. 

slide5-132540-271876814 

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 2023 оны үзүүлэлт, үр дүнгийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулахад борлуулалтын орлого нь 1.8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нь хоёр дахин өссөн байна. Дээрх үйлдвэрлэлийг дүн мэдээг хойш нь хөөгөөд ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулахад хүдэр олборлолтын хэмжээ 12 хувь, хүдэр боловсруулалт 18 хувь, борлуулалтын орлого 3.2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин өссөн амжилтаар 2024 оныг "Эрдэнэт үйлдвэр" угтаж байна. 

Эдгээр том тоонуудаас "Эрдэнэт үйлдвэр"-ийн цар хүрээ, улс орны нийгэм, эдийн засгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага тодоос тод уншигдах. Зогсохгүй эрхгүй аварга техникүүд 24 цагийн турш ажиллаж, баяжуулах үйлдвэр, цех, завод, станц, хүнд үйлдвэрлэлийн энэ тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах мөнхийн манаанд алба гүйцэтгэх уурхайчдын ажил хөдөлмөр амаргүй гэдэг нь ойлгогдох.

Тоймлон хэлэхэд, 2023 он "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд өндөр ачаалалтай, тэр хэрээр өсөлт рүү тэмүүлсэн, зүтгэсэн жил байсан нь илэрхий. Эдгээрийн хажуугаар Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт урагшилж, Зэсийн баяжмал хайлуулах технологийг эцэслэн сонгож, хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” эерэг үр дүн үзүүлжээ. 

Аранжин зэсээс өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх зорилгоор, зэс утас, кабель болон нунтаг зэс, зэс ялтас үйлдвэрлэх бэлтгэл ажил ид яваа. Энэ хүрээнд зэс утас, кабель үйлдвэрлэх болон нано нунтаг зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулж дууссан бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. 

ТЭРБУМ МОДНЫ 10 ХУВИЙГ ТЭД ДАНГААР...

mod_eredenet 

Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтэд өгсөн том амлалт л даа, бидний. Үүнд хүрэх алхам нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Энэхүү хөдөлгөөн үр дүнтэй хэрэгжснээр Монгол орны ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн ялгарал тэгтэй тэнцэх учиртай. Тэгж тооцоолсон. Дэлхийн улс орны нэгэн адил манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж буй. Тиймээс гараа хумхиад суух бус өөрийн зохих хувь нэмрээ эх дэлхийн төлөө оруулахаар зорьсон нь “Тэрбум мод”. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь үндэсний зорилт болж, улс орон даяар өргөн цар хүрээг хамарч байна. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарынхан оройлон оролцож, тэр хэрээр ачааны хүндийг үүрэлцэж байгаа. Тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг хөдөлгөөнд анхлан манлайлан нэгдэж, хамгийн их үүрэг хариуцлага хүлээсэн төдийгүй 100 сая мод тарихаар болсон. Амлалтаа биелүүлэхийн тулд “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагааны нэг хэсгээ “Тэрбум мод” руу гүнзгий чиглүүлээд байгаа.  Үйлдвэрийн нэг салаа мөчир нь "100 сая мод" хөтөлбөр болжээ. 

Тодруулбал, “100 сая мод” хөтөлбөрийг "Эрдэнэт үйлдвэр" санаачлан эхлүүлж, үүний хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг Монгол Улсад анх удаа байгуулж, 2022 онд ашиглалтад хүлээн авсан бол 2023 онд Хөрсний инноваци, биотехнологийн төвийг ашиглалтад оруулжээ. Мөн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий бүрэн автомат хүлэмжтэй Мод үржүүлгийн цогцолбор байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байна.

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөр "Эрдэнэт үйлдвэр"-ийг зөвхөн ухдаг бус ургуулдаг үйлдвэр болгоход хандуулаад зогсохгүй ирээдүйн орлогын хоёр дахь шинэ эх үүсвэрт хөтөлсөн гэж найдна. Тус үйлдвэр 2031 он хүртэлх хугацаанд 100 сая мод тарих юм. 

АЛХАМ УРД...

Хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх дэлхийн жишгээс тэд гажихыг хүссэнгүй. ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тайланг гаргадаг төрийн өмчийн анхны үйлдвэр болохоор зорин ажиллаж байгааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон дуулгасан юм. Уг тайлан нь тухайн бизнес, үйлдвэрийн үйл ажиллагааг үнэлэх, хэмжихэд гол шалгуур үзүүлэлтэд тооцогдох болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй чухалчлан харах хэмжүүр нь. Уг тайланг “Тогтвортой байдлын тайлан” ч гэж нэрлэх нь бий.

Уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хамгаас чухал. Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр" 44.2 га-д техникийн нөхөн сэргээлт, 42.1 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Эрдэнэт хотын хувьд үйлдвэр дагасан, 100 гаруй мянган хүн амтай. Үүнтэй холбогдуулан цагаан тоосны асуудал байнга яригддаг. Тэгвэл цагаан тоосны дэгдэлтийг бууруулах арга хэмжээг үйлдвэрийн зүгээс үе шаттай авч технологийн гурван төрлийн аргыг одоогоор хэрэглэжээ. Ингээд зогсохгүй нөлөөллийн бүсэд амьдарч байгаа өрх бүрийн нэг гишүүнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна. Мөн хаягдал хураах санг шинэ байршилд байгуулах төслийг үйлдвэрийн зүгээс эхлүүлэхээр болжээ. 

slide3-132537-1446825181 

erdenet_tezu 

erdenet_park 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.