Монголын талаас анх удаа Оюу толгой төсөл дээр өөрсдийн санхүүгийн загварчлалыг боловсруулжээ
5 Өдрийн өмнө
401
Монголын талаас анх удаа Оюу толгой төсөл дээр өөрсдийн санхүүгийн загварчлалыг боловсруулжээ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. 

Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, холбогдох асуудлыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж ажиллаж байна.

Бүрэлдэхүүнд нь

  • Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд,
  • Сангийн сайд,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,
  • Татварын ерөнхий газрын дарга,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,
  • Үндэсний геологийн албаны дарга,
  • Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга,
  • Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга,
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга нар ажиллаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал томилогджээ.

Ажлын хэсгээс “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-тай албан уулзалтыг зохион байгуулж, тодорхой үүрэг чиглэл өгөөд байгаагаа танилцууллаа. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох хууль зүйн асуудлаар тодорхой санал, дүгнэлтүүдийг боловсруулахыг үүрэг болгосон бөгөөд ажлын хэсгийн хуралдаанд уг дүгнэлтүүдээ танилцуулж, цаашид хэлэлцээг хууль тогтоомжид нийцүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа хэмээн сайд танилцуулав.

 “Онтрэ” ХХК болон тус компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль эрх зүйн асуудлыг ажлын хэсэг нарийвчлан судлах үүргийг холбогдох яамдын төлөөлөл, компаниудын хуулийн багт үүрэг болгожээ. Ойрын хугацаанд нэгдсэн танилцуулга бэлтгэж, хэлэлцээрийн явцтай уялдуулан УИХ болон Засгийн газрын түвшинд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд хэлэлцээнд ашиглах санхүүгийн тооцоо, хувилбаруудын үр дүнг тооцож танилцуулахыг үүрэг болгосны дагуу өнгөрсөн таван сарын хугацаанд Оюу толгой төслийн санхүүгийн тооцоо, ТЭЗҮ, материалд нарийвчлан дүн шинжилгээ хийсэн байна. Үүний үр дүнд алдаатай тооцооллуудыг засварлаж, Монгол Улсын талаас анх удаа Оюу толгой төсөл дээр өөрсдийн санхүүгийн загварчлалыг боловсруулаад байгаа аж.

Цаашид “Орона Майнинг” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн зарчмын дагуу хэлэлцээг зохион байгуулж, санхүүгийн загварт үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж. Уг боловсруулсан загварчлал нь олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн байгууллагын ашигладаг FAST стандартад нийцсэн бөгөөд загварчлалыг боловсруулагдахдаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Антре гоулд” компанийн хөрөнгө оруулагчдадаа зориулсан тоо баримтад суурилж, харьцуулсан шинжилгээ хийснээрээ илүү бодитой илүү онцлог болсон гэдгийг онцоллоо.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүднээс Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, хэлэлцээ хийсэн зарчимтай ижил загвараар уг хэлэлцээг зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөж байгаа бөгөөд тухайлсан асуудлаар хариуцах гэрээ эрх зүйн асуудал хариуцах, эдийн засаг, санхүү, татварын асуудал хариуцах, уул, уурхай байгаль орчны асуудал хариуцах дэд ажлын хэсгүүд байгуулахаар шийдвэрлэн зохион байгуулалтаа хийгээд ажиллаж байгаа хэмээн Г.Дамдинням сайд танилцуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар холбогдох талуудад хууль зүй, нөөц тооцоололтой холбоотой тодорхой үүрэг өгч богино хугацаанд үр дүн гаргахыг үүрэг болгоод байгааг мөн дурдав. Оюу толгой төсөлтэй холбоотой дөрвөн чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр хэлэлцээрүүд нь бүгдээрээ уялдаа холбоотой болохыг хэлээд төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготойгоор нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. Ажлын хэсэг энэ чиглэлээрх өмнөх үйл ажиллагаануудад дүн шинжилгээ хийснээр нэгдсэн уялдаа, зохион байгуулалт чухал хэмээн дүгнэсэн болохыг хэлэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.