Хөвүүлэн баяжуулалт болон уусган баяжуулалтын химийн чиглэлээр практик асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо
Бельгийн Syensqo компани болон “Цэцүүх Трейд” компани хамтран “Сайнско Уул уурхайн техникийн симпозиум-2025” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний зорилго нь Канад, Мексик, АНУ, Серби, Бразилаас олон улсын мэргэжилтнүүд оролцож, хөвүүлэн баяжуулалт болон уусган баяжуулалтын химийн чиглэлээр салбарын тулгамдсан практик асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцсон юм. Мөн Монгол Улсын металлургийн салбарын инженер, мэргэжилтнүүдэд зориулсан техникийн сургалтыг зохион байгуулж, оролцогчдод сертификат гардуулсан юм. Цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулж, уул уурхайн технологийн хөгжил дэвшлийг хамтдаа хэлэлцэн, харилцан туршлага солилцдог шинэ уламжлалыг бий болгох аж.
Syensqo компанийн Глобал бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал William Steudler "Бид Монгол Улсад ирж энэхүү хурлыг хамтран зохион байгуулж, уул уурхайн салбарын хүмүүстэй нэг дор уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Бидэнд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа чухал. Монголын уул уурхайн салбар маш хурдтай хөгжиж байгаа нь маш их боломжуудыг бий болгож байна. Энэ симпозиумаар бид мэргэжилтнүүдийг цуглуулж, санаа бодлоо хуваалцаж, хамтын ажиллагааны талаар ярилцах боломжийг бүрдүүлсэн. Мөн их сургуулийн оюутнуудыг урьж оролцуулсандаа баяртай байна. Залуу үеийнхэнд энэ нь суралцах, ойлгох, мэргэжилтнүүдтэй танилцах маш чухал боломж юм. Харин нөгөө талд нь Рио Тинто, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон компаниудын төлөөлөл ирсэн нь туршлага, мэдлэгээ хуваалцахад ихээхэн үнэ цэнэ авчирна. Манай компани бол химийн бодисын үйлдвэрлэгч компани бөгөөд уул уурхайн салбарт оруулж буй гол хувь нэмэр маань үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанаас авах үр ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэдэг. Гэхдээ энэ нь зөвхөн бизнесийн хүрээнд бус, нийгэмд буцааж өгч, хувь нэмэр оруулах ёстой гэж бид үздэг. Өөрөөр хэлбэл, олон нийтэд уул уурхай болон уул уурхайн химийн бодисуудын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тэдгээрийн байгаль орчин, хүний амьдралд үзүүлэх нөлөөллийн талаар мэдлэг олгох нь чухал юм. Ингэснээр зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй энгийн иргэдэд бидний хийж буй ажлын учир шалтгааныг ойлгуулж, зөв ойлголтыг түгээж чадна" гэв.