Ирэх оны эдийн засгийн өсөлтийн "тулгуур" нь уул уурхай. Энэ уламжлал урьдын адил үргэлжилж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд олборлох салбарыг бүх чадлаар Сангийн яам дайчлахаар төлөвлөжээ. Экспортын орлогын өсөлтийг цаг үргэлж бүрдүүлж ирсэн нүүрс, зэсийн баяжмал төсвийн орлогын 27 орчим хувийг эзлэх төдийгүй 2026 онд улсын эдийн засаг /ДНБ/ 5.7 хувиар өсөх гол хөрс суурь болох аж.
Нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолж сууна.
2026 онд экспортлох ашигт малтмалын биет хэмжээ болон зах зээлийн үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 4 их наядыг төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.
Эдгээр орлогыг бүрэн бүтэн олж ирэхийн тулд 2026 онд 90 сая тонн нүүрс экспортолж, 1.8 сая тонн зэсийн баяжмал борлуулахаар төсөвт тооцоолжээ. 2025 онтой харьцуулахад уул уурхайн салбарын төсвийн өмнө хүлээх үүрэг хариуцлага ирэх жил улам нэмэгдэж байна. Сангийн яам нүүрсний экспортын биет хэмжээг жил болгон ахиулж, 2024 онд 60 сая, энэ онд 83, ирэх жил 90 сая руу хөтөллөө.