Т.Батмөнх: Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технолгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна
Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг уртасган геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, хүдрийн нөөцөө шинэчлэн тогтоосон. Ингэснээр тус үйлдвэр 55 жил тасралтгүй ажиллах хүдрийн нөөцөө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн, Жорк стандартаар баталгаажуулаад байгаа юм. Үүнтэй уялдуулан шинэ хүдрийн нөөцийн баяжигдах шинж чанарын судалгаанд үндэслэн техникийн болон технологийн шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх “Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх энэ төслийн хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна. Техникийн болон технологийн шийдлээр бутлагдсан хүдрийн зохимжит бутлагийн хэмжээг 10 мм-ээс доош буулгана. Ингэснээр төв корпуст нунтаглаж буй тээрмийн цагийн ачаалал 25 хүртэл хувиар нэмэгдэнэ. Үүнийг дагаад хүдэр боловсруулалт, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж алдагдлаа нөхнө. Эрдэнэт үйлдвэр цахилгаан болон усан хангамжгүйгээр үйлдвэрлэлээ явуулах боломжгүй. Иймээс Цэвэр усны гуравдугаар шугамыг ашиглалтад оруулсан. Шинэ хөвүүлэн баяжуулах машинууд, тоног төхөөрөмж нэмэгдэж,Үйлдвэр технологийн парк баригдаж байна. Үүнтэй холбогдуулан Оюутын дэд станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Хоёр багц дээр нь тендер шалгаруулалт амжилттай дуусч одоо гурав дахь багцын ажлыг шалгаруулахаар ажиллаж байна. Мөн 5,5 сая тн хүдэр боловсруулдаг байсан тавдугаар секцийг 12 сая тн хүдэр хүлээн авах хүчин чадалд хүргэлээ. Хоёр, гуравдугаар секц 12 сая тн хүдрийг хүлээн авч баяжуулах хүчин чадалтай болсноор жилд 40 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн. Баяжуулах үйлдвэрийг жилд 40 сая тн хүдрээр хангахын тулд 34 сая м3 уулын цул олборлох ажил хийгдэнэ. Үүнтэй холбогдуулан Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технолгийг нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байна. Уг төсөл хэрэгжсэнээр уурхайн олборлолтын зардал 20 хувиар, хүдэр баяжуулалтын зардал 10 хувиар буурна. Ингэснээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй зардлыг хэвийн хэмжээнд барьж, олборлолт болон боловсруулалтаа нэмэгдүүлэн ажиллана” гэв.
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ