Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Ашигт малмталын ашиглалтын лиценз нь нийт газар нутгийн 1.3 хувийг, хайгуулын лиценз нь 3.1 хувийг эзэлж байгаа бол улсын газар нутгийн 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай болон нөөцөд хамаарч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахлан ажиллуулж, холбогдох хууль, татвар, бүртгэлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн олголт, шилжилт хөдөлгөөний түүх, одоогийн эзэмшигчид, ашиглалтын хугацаанд төлсөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ын орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн хэмжээ зэрэг мэдээллийг нарийвчлан шалгах талаар мэдээллээ.
Сайд Г.Дамдинням энэ үеэр “Бид лицензийн хөдөлгөөнд ямар хүмүүс, ямар байдлаар оролцож байгааг, хайгуулын лицензээс уурхай болтлоо ямар процесс явагддаг, олонд ил болсон ордуудын нөхцөл байдал ямар байдлаар өрнөдгийг дэлгэрэнгүй мэдээлэх болно. Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) шударга хуваарилагдаж байгаа эсэхийг тодорхой харах боломжтой. Уул уурхайн салбарын орлого шударгаар хуваарилагдаж байгаа эсэх нь хамгийн чухал. Орон нутгийн иргэд нөхөн төлбөр, үр өгөөжөө хүртэж байж нийгмийн дэмжлэгийг авч чадна. Өнгөрсөн хугацаанд ил тод мэдээлэл дутсанаас энэ салбар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй” хэмээн онцолоо.