Орос, Хятад, Монгол, Казахстан улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх талаар санал солилцлоо
23 Цагийн өмнө
245
Орос, Хятад, Монгол, Казахстан улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх талаар  санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сатакыновичыг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Талууд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах тухай ярилцлаа. 

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын  Элчин сайд Сейтакынов Алмасыг  Монгол Улсад томилогдон ирж буйд талархал илэрхийлээд хоёр улсын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрээр хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн зурагдугаар сард Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевичтэй уулзаж, тодорхой чиглэлүүдээр санал солилцсон тухай мэдээлэл солилцлоо. 

2025 оны долдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт”-д оролцох үеэр Монгол Улс-ОХУ- Казахстан Улсыг холбосон автотээврийн дөт коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалтыг хийсэн тухай  танилцууллаа.

Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Орос, Хятад, Монгол, Казахстан улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн коридорыг хөгжүүлэх, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах тухай санал солилцож, энэ чиглэлд дахин гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Төмөр замын чиглэлд  “Монголын төмөр зам” ТӨХК-д вагон зүтгүүр худалдан авах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав. Агаарын тээврийн салбарт хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монголын талаас Алматы чиглэлд "Хүннү Эйр" ХХК долоо хоногт 3 удаа нислэг үйлддэг. Харин Казахстаны талаас нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгч байхгүй байна. Иймд  Казахстаны талаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх, цаашид нислэгийн тоог нэмэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайд Сейтакынов Алмас хоёр орны олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээж ажиллахаа илэрхийлээд, Монгол Улс-ОХУ- Казахстан Улсыг холбосон автотээврийн дөт коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт (Монгол, Орос, Казахстан) цахим уулзалтыг ирэх сард хамтран зохион байгуулах тухай саналыг дэвшүүллээ.

Мөн өнгөрсөн зурагдугаар сард Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевичтэй уулзахдаа Монголын тээвэрчид Казахын талаас олгосон ачаа тээврийн xоёр талын болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх 300 ширхэг зөвшөөрлийн бичгийг ашиглаад дуусаж байгаа учир  нэмэлтээр 200 ширхэг зөвшөөрлийн бичиг авах хүсэлтийг уламжилж байсныг дурдаад,  нэмэлтээр олгож буй  200 ширхэг зөвшөөрлийн бичгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд гардуулан өглөө. 

Хоёр улсын сайд нар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шийдвэрлэх чиглэлээр шуурхай хамтран ажиллахад санал нэгдэв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.