Г.Ёндон: Оюутын ордын нөөцийг баталгаажуулан, 2026 онд ТЭЗҮ-г боловсруулан батлуулахаар төлөвлөж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жилд нарийвчилсан геологи хайгуулыг эрчимжүүллээ. Эдгээрээс хамгийн ирээдүйтэй гэж үзэж буй Оюутын ордын хайгуул, өрөмдлөгийн ажлыг илүү нарийвчлан хийж, энэ ондоо багтаан нөөцийг нь баталгаажуулан, ирэх 2026 онд ТЭЗҮ-г боловсруулан батлуулахаар төлөвлөж байна" гэв. Тус үйлдвэрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй холбогдох албаны төлөөллүүд энэ өдрүүдэд ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дагалдан яваа баг бүрэлдэхүүн өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ажлын явц, Хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авах үйл ажиллагаатай танилцсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зохион байгуулах “Эрдэнэс Монгол нэгдлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа-Бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл” зөвлөгөөнд оролцож, төрийн өмчит компаниудын орлогыг нэмэгдүүлж, зардал бууруулах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах Засгийн газрын үүрэг даалгаврыг танилцуулах юм.