Нойтон баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг сайжруулах үүрэг даалгавар өглөө
2 Өдрийн өмнө
85
Нойтон баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг сайжруулах үүрэг даалгавар өглөө
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон тус нэгдлийн ТУЗ-ийн төлөөлөл 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа. Уулзалтын эхэнд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг сонсож, Засгийн газрын 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор төслийн явцтай танилцлаа.
Тус үйлдвэр 2025 оны эхний хагас жилд татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтээ бүрэн биелүүлжээ.
1550 ажилтантай тус үйлдвэр төмрийн баяжмалын экспортыг өнгөрсөн оны мөн үеэс 530 мянган тонноор нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 285 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Жилд 120 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг нээлттэй, ил тод болгох замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, гадаад валютын нөөц бүрдүүлэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласнаар эдгээр эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөн үйл ажиллагаа сайжирсныг дурдаад, цаашид ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх, нойтон баяжуулах үйлдвэрийн ашигт ажиллагааг сайжруулах, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, худалдан авалтыг илүү ил тод болгох зэрэг үүрэг даалгавар өглөө.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.