“Шивээ Овоо” ХК 2.5 сая тонн нүүрс олборлож, цахилгаан станциудад нийлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2025.08.16/ “Шивээ Овоо”ХК-ийн уурхайд ажиллав. Тус уурхай нь Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28%, “ДЦС-4” ТӨХК-ийн 50%, Амгалан дулааны станцын 80%, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг.
Энэ онд “Шивээ Овоо”ХК 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлэх төлөвлөгөөтэй, одоогоор 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Уурхайчдын тогтвор сууршилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх, уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөц нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, богино хугацаанд өр төлбөрөө барагдуулахыг Ерөнхий сайд уурхайн удирдлагуудад даалгалаа.
Өндөр хүүтэй зээл авах болон үр ашиггүй худалдан авалт хийхгүй байх, худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгохыг онцгойлон анхаарууллаа.