Эрдэнэт үйлдвэр: Оюутын ордын өрөмдлөгийн хээрийн ажлыг энэ онд бүрэн дуусгана
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл, нөөц баялгийг өсгөх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус үйлдвэр Эрдэнэтийн - Овооны зүүн урагшаа байрлах Оюутын орд газарт нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн. Өнөөгийн байдлаар, “Оюут” төслийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг, судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Ордын зүүн хойд хэсэгт өрөмдсөн цооногт хүдэр үргэлжлэн тогтоогдож байгааг хаах, мөн ордын хагарал, структурыг нарийвчлан тогтоох судалгааг гүйцээх зэрэг нийт 13000 тууш метр өрөмдлөгийн хээрийн ажлыг энэ онд бүрэн дуусгана. Талбайд илэрсэн элсний хэмжээ, чанарыг үнэлэх зорилгоор 10 м хүртэл гүнтэй 21 шурф малталт, 70 орчим дээжлэлт хийж, тэдгээрийг холбогдох шинжилгээнд бэлтгэж буйг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцоллоо.
“Оюут” төслийн ажлын хэсгээс хайгуулын нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр шийдвэр гарган ажиллаж байгаа бол талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Газар дэлхий” ХХК хийж, намар, өвөл, хавар, зуны улиралд нийцүүлэн, агаар, ус, хөрс, ургамал, амьтан гэх зэргээр судлан тайлангаа эцэслэн ирүүлээд байгаа аж. Харин талбайд орших хиргисүүр, булш бүхий хэсэгт МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачдын баг ойрын хугацаанд малтлага судалгаа эхлүүлж, авран хамгаалах ажлыг ирэх 9 сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Оюутын хүдэрт баганан уусгалт, өнхрүүлэх, хөвүүлэн баяжуулах туршилтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэн гүйцэтгэж, дууссан бөгөөд одоо хагас үйлдвэрлэлийн туршилтанд анхаарч байна. Чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүний иж бүрэн судалгааг ШУТИС болон Япон, ХБНГУ болон бусад хэд хэдэн орны судалгааны лабораторит хийж урьдчилсан байдлаар үр дүнгийн дүгнэлтийг гаргажээ.
Төслийн багийнхан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг нэгтгэх, нөөцийг эцэслэн тооцоолох, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, ингэснээр шинжээчдийг томилуулан дүгнүүлэх зэрэг ажлыг энэ онд багтаан гүйцэтгэхээр зорьж байна. Энэхүү хайгуулын ажилд 2023-2025 оны эхний хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулаад байгаа аж. Энэ нь 1 тонн хүдрийг 102 төгрөгийн өртөгөөр илрүүлж буй гэсэн урьдчилсан тооцоог Геологи, хайгуулын экспедицээс хийжээ.