Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо
5 Өдрийн өмнө
212
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо хуралдаж, түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Түр хороог байгуулах саналыг анх санаачилсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын гишүүн С.Зулпхар гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжив. Ингэснээр О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт заасан түр хорооны даргын хэрэгжүүлэх чиг үүрэг, холбогдох бусад зохицуулалт, шийдвэрүүдийн талаар танилцуулсан.

Түр хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зургаан сарын хугацаанд ажиллана.


УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.