Сөрж туулсан хагас жаран буюу Бүтээгч Монголын төлөө зүтгэсэн 30 жил
Сөрж туулсан хагас жаран буюу Бүтээгч Монголын төлөө зүтгэсэн 30 жил
Монгол Улсын Гавьяат уурхайчин Бямбаагийн Нямтайшир: Ардчиллын салхи Монгол оронд сэвэлзэж, хийж бүтээх эрх чөлөөг авчирсан тэр жилээс хойш миний бие гучин гурван жилийг хувийн хэвшлийг хөгжүүлэх үйлсэд зарцуулсан байна. Үүнээс гучин жил нь МАК компанитай, бидний бүтээсэн уурхайнууд, үйлдвэрүүд, төслүүдтэй холбоотой. Эргээд харахад 30 жил гэдэг хүний амьдралын урт хугацаа байна...

"Монголын Алт" /МАК/ компанийн 30 жилийн ой энэ онд, энэ өдрүүдэд тохиож байна. Хагас жарныг тус компани, компанийн хамт олон туулж, өнөөдрийн өндөрлөгт өөрийн орон зайгаа гүн бат, бахархал дүүрэн эзэлжээ. Тэд өөрсдийн үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргадаг "Мак Евро Цемент" шигээ тийм чанартай, олон улсын стандарт хангасан, Монгол Улсаа дэлхийд тодорхойлох үндэсний баялаг түүхтэй компанийг бий болгож, дээрх хугацаанд үйл ажиллагаа нь улам бэхжин тэлжээ. 

Монгол Улсын Гавьяат уурхайчин Бямбаагийн Нямтайшир "Ардчиллын салхи Монгол оронд сэвэлзэж, хийж бүтээх эрх чөлөөг авчирсан тэр жилээс хойш миний бие гучин гурван жилийг хувийн хэвшлийг хөгжүүлэх үйлсэд зарцуулсан байна. Үүнээс гучин жил нь МАК компанитай, бидний бүтээсэн уурхайнууд, үйлдвэрүүд, төслүүдтэй холбоотой. Эргээд харахад 30 жил гэдэг хүний амьдралын урт хугацаа байна. Хувийн амьдралд болон нийгэмд асар том өөрчлөлтүүд бий болжээ. Харин хийж бүтээхэд богино хугацаа юм байна. Алт, нүүрс, газрын тос, зэс, цемент, барилгын материал, агаарын тээвэр, аялал жуулчлал гээд бүтээн байгуулалтыг хийх гэж зүтгэсээр, монголчууд өөрсдөө чаддагийг харуулах гэсээр хурдан өнгөрсөн байна. Дараагийн гучин жилд цэвэр хөгжил, устөрөгчийн түлш, боловсруулах үйлдвэрийн төслүүд хүлээж байна. Бидэнтэй хамтарч ажиллаж, хамтдаа бүтээсэн та бүхэндээ талархлаа илэрхийлж мэхийн ёсолж байна"... хэмээн 30 жилийн түүхтэй компанийнхаа ойн индрээс дээрх үгийг онцолсон юм. 

 ... Зах зээлийн шуурга олны тэвдүүлж, түмнийг сорьж эхэлсэн тэр л амаргүй он жилүүд Монголд хувийн хэвшил бүрэлдэн бий болох, хөгжин цэцэглэх, өнөөгийн дүр төрхөө олох эхлэл цэг нь болсон юм. Энэ цаг үед үндэсний аж ахуйн нэгжүүд өрхөө татаж байлаа. Хүн бүр өмчтэй болох, хувиараа бизнес эрхлэх, гадаад, дотоодод чөлөөтэй зорчих, сурах, үзэл бодлоо ч нээлттэй илэрхийлэх эрх чөлөөний ааг амт лавшран мэдрэгдсэн үе бол 90-ээд оны эхэн. 

Тэр жилүүдэд цөөн хэдэн компани аж үйлдвэр, уул уурхайн салбарт зориг, зүрх гарган алхан орж ирлээ. Үүний нэг нь “Монголын алт” буюу МАК. Тодруулбал, одоогоос 30 жилийн тэртээ тэд өнөөдрийн замнал түүхээ бичиж, шинэ хуудсаа эхлүүлж байжээ.

Халаасандаа мөнгөгүй, өвлөгдөж, уламжлагдаж ирсэн хөрөнгөгүй, ганзага хоосон ч гарцаагүй хийж, бүтээнэ гэсэн итгэл үнэмшил, хичээнгүй зүтгэл, шаргуу хөдөлмөр, тууштай чанар, холын бодол өнөөдрийн аж үйлдвэрийн манлай компанийг бүтээж, хагас жарныг салхи шуурга, бороо, цас сөрөн туулжээ. Аж үйлдвэр, боловсруулах салбарт өнөөдрийн Монголд гүн хүндэтгэл хүлээх эрхмүүдийн нэг бол Б.Нямтайшир... 

"МАК компанийн амжилтын гол үндсийг дүгнээд хэлэхэд байнгын шинэ санаа, шинэ бизнесийн эрэл хайгуул, нөгөө талаар хамгийн тэргүүний шилдэг технологи, нэгэн үйл хэргийн төлөө цул болж ажиллаж чаддаг чадварлаг хамт олон" гэж үүсгэн байгуулагч Б.Нямтайшир эрхэм тодорхойлон хэлсэн юм. 

Аялал жуулчлал, агаарын тээвэр, уул уурхай, барилгын материал тэргүүтэй салбарт хүч үзэн, цар хүрээгээ ч өргөжүүлж, хөгжсөөр, урагшилсаар... Тухайлбал, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт чанар дархалсан евро стандартыг нэвтрүүлж, "МАК Евро Блок", "Мак Евро Цемент", "МАК Евро Виндоор" зэрэг үйлдвэрүүд ашиглалтад орж, жилд 90 орчим сая ам.долларын /2020 оны байдлаар/ импортын бүтээгдэхүүнийг орлож, валютын гадагшаа чиглэсэн урсгалыг хааж байна. 

Эргэн сануулахад, 1993 онд уул уурхайн салбараас бизнесийн гараагаа эхлүүлж, алтны үндсэн ордын анхны үйлдвэрийг байгуулан, улмаар нүүрсний анхны экспортыг хийж, жим гаргасан Монголын Алт (МАК) ХХК түүхт 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэд ийм л үнэ цэнэ, хүндэтгэлийг хүлээжээ. 

 Өдгөө тус компани импортыг орлох, ажлын байр бий болгох, валютын нөөцийг хямгадах барилгын материалын таван нэр төрлийн 20 гаруй брэнд бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн аж үйлдвэрлэлийн салбарыг түүчээлэн хөгжүүлж, тэргүүлэн  магнайлж байгааг дуулгахад үнэхээр таатай. Бүтээгч Монголын төлөө тэд тасралтгүй хөдөлмөрлөж, хүчин зүтгэж, цаг наргүй тэмцэн тэмүүлж, зорьжээ. 

"Монголын Алт" /МАК/ компани нь 4,000 гаруй тогтмол ажлын байрыг бий болгож 1,200 гаруй ханган нийлүүлэгчээс худалдан авалт тогтмол хийж, улс, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөөд байгаа бөгөөд үндэсний шилдэг аж ахуйн нэгжээр жил болгон шалгарч, Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн Гэрэгэ хүртсэн билээ. Баялаг бүтээгчдийг бүтээсэн бүхэн нь илтгэн харуулж, он цаг улирах тусам тэд улам тодрон товойж байдаг. 

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үндэсний аж үйлдвэрийг  хөгжүүлэхээр зогсох эрхгүй зүтгэж байгаа аж ахуйн нэгж бол МАК. 

Б.Нямтайшир захирал "Хувийн бизнесийн тухай ойлголтгүй, нийтээрээ дөнгөж л шинээр хөл тавьж байгаа нийгэмд ажлаа орхиод, шинэ мөр гаргана гэдэг амаргүй шийдвэр байсан. Тухайн үед ямар л хийх ажил байна тэр болгоныг шантралгүй хийж, бодож сэтгэж, амралт, баяр гэлтгүй л ажиллаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн" хэмээн өгүүлж байсныг эш татав. Ирэх 30 жилд тэд улам завгүй, шинэ жимийг эх орондоо түүчээлэн гаргах юм байна. Ирж яваа цагийн шалгуур хангах төслүүдийг тэд эхлүүлэхээр зэхэж, бэлтгэж, боловсруулж, судалж байгааг энэ мөчид дуулгая. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.