Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 99.7 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны 12 дугаар сард бүрэн дуусгана
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Оюу Толгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.
Уулзалтаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилт, төслийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн хүүгийн хяналт, “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, ОТ ТЭЗҮ, Татварын маргаантай холбоотой хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, тулгамдсан асуудал болон цаашдын арга хэмжээний талаар санал солилцож, АҮЭБ-ийн сайдаас тодорхой чиглэл авлаа.
Энэ үеэр сайд Г.Дамдинням "Монгол улсад хамгийн үр өгөөжтэй байх, манай иргэдэд тус төслийн үр өгөөж хамгийн хурдан, тодорхой байдлаар ирдэг болгоход анхаарч ажиллах нь бидний үүрэг юм" хэмээн онцоллоо.
Түүнчлэн "Оюу толгой" төслийн хүрээнд 2013 оноос хүдэр боловсруулж эхэлсэн бөгөөд жилдээ 40 сая тонн хүдрийн боловсруулалтын хүчин чадалтай аж.
2025 оны зургадугаар сарын байдлаар далд уурхайн бүтээн байгуулалт 99.7 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа гэж мэдээллээ.