Монгол Улсад “Баяжуулалтын техникч” бэлтгэж эхэлсний 50, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер” бэлтгэж эхэлсний 30, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхэн ойн баярын хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг "Энэхүү түүхэн ойгоо гадаад дотоодын байгууллагуудтай хамтарсан сургалт-судалгаа, гишүүддээ чиглэсэн олон үйл ажиллагааны бахдам үр дүнгээр угтаж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагаандаа онцгой анхаарч, төсөл судалгааны болон үйлдвэрлэгч нартай хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж, түүний хүрээнд баяжуулагч инженерүүдийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид зөвхөн судалгаагаар зогсохгүй, хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэхэд холбооны хувь нэмрийг оруулах зорилгоор ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академи, БНХАУ-ын Вуханийн технологийн их сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай сургалтын нүүрс-хийн чиглэлээр сургалт явуулах хэлцэл хийж, сургалтын хөтөлбөрийн төслийн санал солилцоод байна" хэмээн холбооны үйл ажиллагаа, ололт амжилтыг онцоллоо.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь 1998 онд Эрдэнэт хотноо үүсгэн байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн 19 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 онд Монгол Улсад тархан байршсан баяжуулах үйлдвэрүүд, ААН-үүд болон инженерүүдийг элсүүлэн, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхийн тулд холбооны менежментийн багийг Улаанбаатар хотноо шилжүүлэх ажлыг эхлүүлж, өнөө 25 жилийн ойтойгоо золгоод байна.
Өнөөдрийн баярын хуралтай хамт холбооны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2023 оны холбооны үйл ажиллагааны тайланг гишүүд хэлэлцлээ. Энэ өдөр Удирдах зөвлөл болон Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, хуралд оролцогчдын санал хураалтаар тус холбооны Ерөнхийлөгчөөр Б.Чинзориг улиран сонгогдлоо.