АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: "Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлж, онцгой анхаарч ажиллана
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөлөл 47 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, төслүүдийн хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа. Салбарын сайд ахалсан ьомилолтын баг бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн, Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж, Бодлого, төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс металлын группийн зохицуулагч С.Батхуяг нарын салбарын төлөөлөл багтан ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд болон цаашдын зорилго, төлөвлөлтийн талаар танилцуулга илтгэл мэдээлэл өглөө. "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд геологийн нөөцийн нэмэгдэл, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогыг түлхүү анхаарч буйг онцлон дурдсан бөгөөд зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг шинэ санаачилга, зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг үйлдвэрийн удирдлага онцолсон юм.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням уурхайчин хамт олонд хандан “Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн, түүхэн ач холбогдол бүхий стратегийн томоохон үйлдвэр” гэдгийг онцолж, “Тус үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагчид, илгээлтийн эзэд, өнөөдөр ажиллаж буй 7200 орчим уурхайчин, ажилтан, инженер техникийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хот өдгөө ийнхүү хөгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Г.Ёндон “Зэс боловсруулах цогцолбор” төслийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулж, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 14 мега төслийн нэг болох уг төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Зэс боловсруулах цогцолбор” ХХК хариуцан хэрэгжүүлж байгааг дурдсан юм.
Төслийн хүрээнд жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125.5 мянган тонн катодын зэс, мөнгө, алт болон хүхрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 762.3 сая ам.доллар бөгөөд жилд 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан бөгөөд хөрөнгө оруулалтаа 7.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой юм. Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг “China ENFI Engineering” компанитай хамтран боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлжээ. Цаашид ТЭЗҮ-д тодотгол хийх, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон төслийн баримт бичгүүдийг бүрдүүлж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэлийг хангаж буйг үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлж, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлоод, яамны зүгээс бодлогын түвшинд дэмжиж, бодит үр дүн гаргахын төлөө хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уул уурхай, металлурги, химийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, дотоодын баяжмал боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй.
Тус төсөл нь уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтыг дотооддоо хийх боломжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн шинэчлэл, бүтээн байгуулалтыг дэмжихэд чухал алхам болно гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 171 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 1217.4 га газрыг Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан билээ.
Технологийн парк байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд авто замын ажил 53 хувь, төмөр зам 97 хувь, ус хангамж, ариутгах татуургын систем 97 хувь, цахилгаан хангамжийн ажил 13 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн санхүүжүүлж байгаа юм.
Цаашид технологийн парк нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, молибдений баяжмал боловсруулах үйлдвэр, кабель утасны үйлдвэр, зэсийн микро болон нано нунтаг бүтээгдэхүүний үйлдвэр, “Эрдэнэт-машин” цогцолбор зэрэг томоохон үйлдвэрлэлийн байгууламжийг үе шаттайгаар барьж байгуулах төлөвлөгөөтэй байгааг албаныхан танилцууллаа.