Б.Ганбаатар: Алтны олборлолтыг нэмэгдүүлэх төслүүд санхүүжилт хүссэн, судалж байна
6 Өдрийн өмнө
425
Б.Ганбаатар: Алтны олборлолтыг нэмэгдүүлэх төслүүд санхүүжилт хүссэн, судалж байна

Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх төслүүдийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ өнөөдөр зарлалаа.

Тус банкны Экспорт, импортын санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Ганбаатар "Зэс болон ган боловсруулах үйлдвэрээс гадна алтны олборлолтыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн төслүүд санхүүжилт хүссэн. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслүүд байгаа. Эдгээр төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай нийцсэн төдийгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой. Манайхаас зээлийн хүсэлт, холбогдох тооцоо судалгаатай нь танилцах, судлах ажил үргэлжилж байна. Тодруулж хэлэхэд, Эрдэнэс Монгол нэгдлийн хамаарал бүхий төслүүд санхүүжилт хүссэн. Үүнд томоохон мега төслүүд багтаж байгаа. Тухайлбал, зэсийн баяжмал хайлуулах болон ган боловсруулах үйлдвэрийн төсөл бий" гэв. 

Хөгжлийн банк одоогоор 5.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт бүхий 14 төслийн санхүүжилтийг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтран судлахаар төлөвлөж, төслийн үе шат, бэлэн байдалд тохирсон хөгжүүлэлтийн болон санхүүжилтийн судалгаа, шинжилгээг эхлүүлээд байна.

Экспортыг дэмжигч банкны хувьд бүх шатны боловсруулах үйлдвэрлэлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин ажиллана гэдгээ Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа тодотгов. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.