Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, удахгүй болох 45 жилийн ойн өдрүүдийн үйл ажиллагаа болон оны үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэж, мэдээлэл солилцжээ. Түүхэн ойн хүрээнд Хэмнэлтийн хуулийн дагуу өргөн цар хүрээтэй баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй ч энэ онд төлөвлөн хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын зарим ажлуудаа хүлээн авч, ашиглалтад оруулах юм байна.
Энэ үеэр хүндэт зочдод үйлдвэрийн үйл ажиллагаа, төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор гарсан ололт амжилтын талаар танилцуулах бол 15-ны өдөр 2023 оны Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтнуудыг алдаршуулж, шагнаж урамшуулахаар төлөвлөж байгаа аж.
Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэр 45 жилийн түүхэн хугацаанд улс болон орон нутагт 13.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Нийт борлуулалт нь 33.4 их наядаар хэмжигдэж байна.