Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайд ажиллаж, зардлыг 50 хувиар бууруулах үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон.
Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа.
Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 26.4 хувийг Монгол Улсын иргэд /1072 хувьцаа/, 73 хувийг Засгийн газар, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Тус компани 2010 оны 12 дугаар сард байгуулагдсан бөгөөд энэ онд 15 "нас" хүрнэ.
Компани үндсэн үйл ажиллагаанаас гадна нийт 10 төсөл хэрэгжүүлж байна. Үүний төсөвт өртөг 9.3 их наяд төгрөг. Онцлох төслүүдээс дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэр /жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авах/ гэх мэт.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”буюу ТНАЛТ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт. Тус байгууламж нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх том оврын технологийн шийдэл бүхий үйлдвэрлэл юм.
ТНАЛТ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт буюу 24 цагт нийт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачих боломжтой. Гэвч 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй аж.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 8.1 тэрбум тонн нүүрсний нөөц баялагтай. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ тогтмол арилжаалж байгаа. 2024 онд тус компани 30.4 сая тонн нүүрсний экспорт хийсэн. Энэ нь нэг жилийн хугацаанд хамгийн их нүүрс экспортолсон түүхэн үзүүлэлт юм.
Компани өдгөө 1700 гаруй ажилтантай.