БЭТ: Компанийн хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэнэ
БЭТ: Компанийн хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд өнөөдөр ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар газар дээр нь өглөө.
Уулзалтын эхэнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтойг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Түр ачих талбай, Тавантолгой өртөө, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцсан инженер техникийн ажилтнуудаас холбогдох мэдээлэл авч, үүрэг чиглэл мөн өгөв.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавантолгой бол стратегийн орд газар. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-нь стратегийн ач холбогдолтой компани. Монголын ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг компани учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг тус компанид томилсон.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт багийн гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлөөллүүдийг оруулсан бөгөөд тус багт ажил сайжруулах дараах үүрэг даалгавруудыг өгч байна.
Нэгдүгээрт, ард түмний мэдлийн компанийн сахилга дэг журмыг чангатгаж, зардлыг бууруулах,
хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг шийдвэрлэх, салбар яамд хоорондын алдагдсан уялдаа, холбоог засах хүрээнд АТГ-ын ажлын хэсэг ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх,
гуравдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах,
дөрөвдүгээрт, ашиггүй гэрээ хэлэлцээрүүдийг шалгах, үүсэн хүндрэл чирэгдлүүдийг арилгах, ингэснээр ойрын хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримталж ажиллах юм.
Дүгнэж хэлбэл, авлигагүй эрүүл засаглалтай, үр ашигтай ажилладаг компани байх гурван сарын хугацаатай даалгавар өгч байна” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй.
Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.