АҮЭБЯ: Уул уурхайн компаниудад засаглалын олон улсын стандартыг цахим хэлбэрээр хэрэгжүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монголын бизнесийн зөвлөл болон уул уурхайн мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт, УЗ-ийн гишүүн Д.Жаргалсайхан, гүйцэтгэх захирал Н.Сувд, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнгөншагай нар оролцлоо.
Уулзалтаар уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, бодлого боловсруулах үйл явцад түгээмэл ашиглагддаг тулгуур ойлголтуудыг тодорхойлох, Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын нийтлэг стандарт, жишигт нийцсэн, нийгэмд өгөөжтэй уул уурхайн үйлдвэрийн жишиг загварыг боловсруулах асуудлаар санал солилцов.
Мөн салбарын үйл ажиллагаанд комплаенсын нэгдсэн системийг нэвтрүүлэх, төрийн өмчит уул уурхайн компаниудад засаглалын олон улсын стандартыг цахим хэлбэрээр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.